МАН-ын үнэмлэхүй олонх бүхий энэ удаагийн УИХ түүхэнд чухам юугаараа тодотгогдон үлдэх бол. Үнэмлэхүй олонх хэдий ч дотооддоо хуваагдсан гэх нэр хоч одоогоор зүүлттэй байгаа ч тэрхүү хуваагдал нь эрх мэдэл, албан тушаалын төлөө гэхээс илүүтэй шударга ёсны зарчим, үнэт зүйлийн төлөөх ялгарал байсан ч байж мэднэ. Эрх мэдэл, албан тушаалын сүлжээ үүсгэн үүгээрээ хуулийг, өмч, баялгийг хэсэг бүлгийн мэдэлд хуйвалдааны замаар хуваарилж, нийгмийн шударга ёс, хүний эрхийг хөсөрдүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргаж байсан гэх МАНАН бүлэглэлийн эсрэг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тэмцэл нийгэмд ямар нөлөө, өөрчлөлт авчирсныг дүгнэхэд хараахан эрт байгаа. Гэвч энэ тэмцэл МАН-ыг хоёр хэсэгт хуваасан нь одоогоор тов тодорхой үзэгдэл билээ. Хамгийн гол нь эрх баригчдын энэхүү хуваагдал нь хаана хүрч эвлэрлээр дуусах вэ гэдэг л чухал. Энэ нь гарцаагүй бөгөөд гагцхүү цаг хугацааны л асуудал байлаа.
МАН-ын олонх бүхий парламент дараагийн түүхэнд үлдэх алхмаа өчигдөр хийж, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнийгээ баталж чадвал энэ нь яах аргагүй түүхэнд үлдэх үйл явдал болно. Гэхдээ үүний тулд эрх баригчид голын нэг эрэг дээр гарах ёстой болж таарна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл гээд нийгэмд томоохон өөрчлөлт дагуулах хоёр ч хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж байхад тэд үүнийг тойрон эвлэлдэхийг эрмэлзэж буй биз ээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзалджээ, эвлэрэх талаар ярилцжээ гэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болсон.
Өнгөрсөн парламент буюу Ардчилсан нам эрх барьж байх үедээ 2015 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д оруулж ирж байлаа. Мөн ердөө долоо хоногийн зайтай Сонгуулийн тухай хуулийн төслийг оруулж ирж байсан. Өнөөдөр мөн л дээрх хоёр хуулийн төслийг долоо, долоо хоногийн зайтай өргөн бариад байна. Тэр үед сөрөг хүчин байсан МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэж байв.
Тэр үед Фортуун Батбаяр гишүүний ахалж байсан хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж, санаачлагчаар гарын үсэг зурсан гишүүддээ МАН-ын бүлэг зэм хүртээж явсан. Гэхдээ Үндсэн хуульд оруулах гэсэн өөрчлөлтүүдийг агуулга, ач холбогдлын хувьд төдийлөн буруутгаагүй. Харин цаг нь мөн эсэхэд эргэлзэж байсныг нь таамаглахад хэцүү байгаагүй. Тэр үед МАН-ын дарга байсан М.Энхболдын хэвлэлд өгсөн ярилцлага, байр сууриас энэ санаа нь уншигдаж байв. Магадгүй МАН парламентад хүч давамгайлсан хойноо амар тайван нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрмэлзэлтэй байсныг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, дараагийн ээлжинд эрх баригч болох сонгуулийн мөчлөгт найдаж байсан хэрэг. Тэр цаг нь одоо мөн. Тэгж яривал “Ардчилсан” гэх овогтой Үндсэн хуулийг өөрчлөх авторыг дахиад “ардчилагчдад” алдахгүй байх амбиц байсныг ч үгүйсгэхгүй. Харин энэ удаад МАН-ын дарга нь М.Энхболд биш У.Хүрэлсүх. Тэд хоорондоо санал нэгдэж чадвал Үндсэн хуулийн өөрчлөлт бодитой зүйл болоход тун ойрхон байна.
Мөн л МАН /Н.Энхбаяр/ эрх барьж байх үед буюу 2000 онд “Дордохын долоон өөрчлөлтийг” Үндсэн хуульд оруулж байхад Ардчилсан намын оролцоо, дуу хоолой хүчгүй байсан. Тэд парламентад өнөөдрийнхөөс ч хүчгүй байсан. Энэ удаад ч мөн МАН-ын олонх хуваагдлаа хойш татаад эвээ нэгтгэчихсэн байхад Ардчилсан намын оролцоо, санал төдийлөн нөлөөтэй биш.
Холбогдох хуулийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч санал, байр сууриа илэрхийлэх ёстой. Одоогоор тэр зүгээс үг унаагүй байна. Өргөн барьсан хуулийн төслөөр бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэлээн хумигдаж байгаа. Өнөөгийн Ерөнхийлөгчийн хувьд дараагийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлнэ гэж боддог эсэхийг бүү мэд. Тэглээ ч Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өнөөгийнхөөс хумьж, хязгаарлах зарчмын талаар түүний байр суурь ямар байх нь тун сонин. Лав л өмнө нь АН-ын үед өргөн баригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоор тусгасан байсныг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж л орхисон юм даг. Угаас дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй нь тодорхой байсан түүнд хувийн зүгээс ямар нэг реакц байгаагүй байх.
Энэ удаагийн МАН-ын төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж байгаа ч бүх ард түмнээсээ сонгогдох нь хэвээрээ, ердөө бэлгэдлээр нь үлдээхээр байгаа аж.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЮУ БАЙХ ВЭ?
Үндсэн хуульд өмнө нь оруулсан өөрчлөлтүүдийг “Дордохын долоо” гэж нэрлэдэг ч тийм муу өөрчлөлтүүд байгаагүй юм. Чуулганы ирцийг 66 хувиар бүрдүүлж байж хурал хийдэг байсныг 51 хувь болгож буулгаснаар ирцгүй шалтгаанаар хэлэлцүүлэг гацдаг байсныг өөрчилсөн. Мөн Ерөнхий сайдад нэр дэвшигч дээр Ерөнхийлөгч хориг тавьдаг байсныг болиулснаар “Ардчилсан холбоо” эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшигч Да.Ганболдыг Н.Багабанди долоон удаа буцаасан түүх дахиж давтагдаагүй. Нууц санал хураалтыг ил болгосноор санал нэг бүр хариуцлагатай болсон гээд тийм ч муугүй өөрчлөлтүүдийг хийсэн юм.
Харин энэ удаад өөрчлөлтөөр Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найруулсан байна.
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийг оруулах ба дараах дөрвөн чиглэлд өөрчлөлтийг авчирна гэж зорьж буй юм.
Үүнд:
1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд багтаж байна.
Сэтгэгдэл ( 0 )