13 кг алт зүүж явдаг вьетнам саятан

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Вьетнамын бизнесмэн Тран Нгок Пхук бүх амьдралаа фэнг-шуй сургаалыг дагаж өнгөрөөсөн хүн. Их ч мөнгө зарцуулсан.

Пхук хаашаа ч гарсан таван бие хамгаалагчтай гардаг. Учир нь түүний гоёл чимэглэл бүх хүний анхаарлыг татна. Хоёр бүдүүн бугуйвч, тус бүр 500 грамм жинтэй дөрвөн бөгж, 5 кг гинж, бүсэн дотуураа бас нэг гинж гээд л. Түүний энэ бүх гоёл цэвэр алт бөгөөд нийт жин нь 13 кг гээд бод. Бие хамгаалагчгүй бол тэр дороо л дээрэмдүүлэх нь гарцаагүй. Хөлбөмбөгийн тэмцээн үзэхэд л хамгийн хэцүү байдаг гэнэ. 36 настай Пхук хөлбөмбөгийн үнэнч фэн тул цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэх дуртай. Түүнийг багаа дэмжин хашгарч байхад нь харуулынхан түүнийг тойрон, хулгайч дээрэмчдээс сэргийлж байдаг.

Тран Нгок Пхук ядуу гэрбүлд өсжээ. Нефтийн бүтээгдэхүүний наймаагаар баяжиж, 20 настайдаа саятан болсон байна.

Энэ үед түүнд фэнг-шуй багш нь алтан эдлэл чамд аз жаргал авчирна гэж хэлжээ. Ингээд л азтай наймаа хийх болгондоо шинэ алтан эдлэл авсаар байжээ.

Мэдээж хүнд юм байнга зүүж явах зовлонтой. Ялангуяа хүзүүнд зүүдэг бүдүүн гинж маш хүнд. Нэг удаа эмчид очоод алт зүүсээр байгаад хүзүү өвдлөө гэж хэлтэл эмч уурлан, хөөж байжээ. Үнэхээр бүх эдлэлээ зүүгээд орж ирэхэд л итгэн, эм бичиж өгч байсан гэдэг.

Тран Нгок Пхук ойрын үед алтан бүрх малгай, алтан утсаар оёсон цамц авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top