Улаан-Үдийн шоронд нутгийг нь заасан багана байршуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Буриадын Улаан-Үд хотын наймдугаар хорих ангид Монгол Улс “мандан бадарлаа”. Сайн утгаараа биш л дээ.

Энэ шоронд өчигдөр /2019.06.20/ хоригдлууддаа төрсөн нутгийг нь зааж өгсөн багана байрлуулах ёслол боллоо. Өөрөөр хэлбэл, төрсөн нутаг хүртэл чинь ийм зайтай байгаа шүү, хурдан суллагдаад гэртээ хариарай гэж хоригдлуудад өдөр болгон сануулахын тулд ийм самбар гаргасан байна.

Наймдугаар шоронд гадаадын 78 иргэн ял эдэлж байгаа. Азербайжанаас 6, Гүржээс 1, Киргизээс 10, Хятадаас 1, Тажикистанаас 39, Узбекистанаас 20, Монголоос 1 хоригдол байгаа гэнэ. Одоо тэд эх орноосоо хэр хол хоригдож байгаагаа мэддэг боллоо. Хэн гээч монгол хүн тэнд хоригдож байгааг мэдэхгүй ч эх орон хүртэл тань 615 км байгаа юм байна шүү. Хурдан эх орон, гэр бүлдээ эргэн ирээрэй.

2.5 метр өндөр энэ самбарыг ОХУ-ын хилийн багана мэт хийсэн. Багана ОХУ-ын газрын зураг, компас дээр байрлажээ. Баганыг тойроод ус сөрөн давхих хөлөг онгоц, амьдралын чигийг заагч гэрэлт цамхагтай. Онгоц байгаа нь хурдан суллагдахыг хүсэн ерөөсөн утгатай. Харин зангуу төрсөн нутаг, эх орондоо хайртай гэдгийг илэрхийлжээ.

Энэ самбарыг Эдуард Абдрахимов гэдэг хоригдол санаачлан бүтээжээ. Шоронгийн дарга Сергей Зандаков “Эхлээд бид түүний санааг тоогоогүй. Гэхдээ дэмжсэн. Энэ самбар манай албан газрын түүхэнд үлдэнэ. Баганыг бүтээхэд оролцсон ялтнуудад шагнал олгосон” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Шагнал гэдэг нь ар гэрийнхэнтэйгээ хийх уулзалтын хугацааг нь нэмж, нэмэлт илгээмж авах эрх олгосон байна.

Хоригдлууд одоо ОХУ-ын Театрын жилийг тохиолдуулан Станиславскийн хөшөө бүтээхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top