Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад айлчилж буй Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто өчигдөр /2019.06.20/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд тохиох Монгол-Унгарын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өмнө хоёр улсын харилцааны түүхэн бүтээн байгуулалт болох Биокомбинатын технологийг шинэчлэх ажлыг түргэтгэх асуудлыг онцлон тэмдэглэлээ.
Унгарын талаас дээрх технологийн шинэчлэлд зориулан 57 сая ам.долларын зээлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн бол манай улс дотооддоо зээлийн асуудлыг соёрхон батлах шаардлагатай байгаа юм байна.
Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто мөн Биокомбинатыг богино хугацаанд шинэчлэх асуудлаар байр суурь ижил буйгаа илэрхийлж, энэ нь Унгар, Монгол Улсын хооронд хэрэгжүүлж буй томоохон төсөл болно гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.
Мөн ноён Сияяарто Унгар улсын ЭКСИМ банк хоёр улсын хамтын ажиллагаанд зориулан 46 сая ам.долларын зээлийн шугам нээсэн хэмээн мэдэгдээд, энэхүү зээлийг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналын дагуу Унгарын технологийг Монголын нөөц боломжтой хослуулан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Ийнхүү бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дээд хэмжээний уулзалт, айлчлалаас илүүтэй эдийн засгийн харилцааг дэмжих байнгын механизмтай болох, энэ асуудлыг Гадаад харилцааны сайд нар онцгойлон анхаарах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Төрийн тэргүүн хэллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улс аялал жуулчлал, усны менежмэнт, экспортын чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо арвин буйг онцолж, эдгээр салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Сэтгэгдэл ( 0 )