Индонез улсын эрх баригчид 2024 он гэхэд засгийн газрын байгууллагуудаа Калимантан аралд бий болох шинэ нийслэл рүү нүүлгэхээр төлөвлөж байна гэж тус улсын төлөвлөлт, үндэсний хөгжлийн сайд Бамбанг Брожонегоро Jakarta Post сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлснээр, нийслэл хотыг шилжүүлэх асуудал хариуцсан тусгай бүтцийг байгуулах бөгөөд ирэх онд ерөнхий төлөвлөгөөг хууль тогтоох байгууллагаар батлуулж, 2024 он гэхэд засгийн газрын бүтцүүд шинэ нийслэлд үйл ажиллагаагаа явуулах аж.
Индонез улсын засаг, захиргааны төвийг Паланкарая хотод байгуулна гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлээд байна. Харьцангуй залууд тооцогддог хүн ам багатай тус хот өнгөрсөн зууны дунд үед бий болжээ. Калимантан арал нь газар хөдлөлийн аюулгүй бүсэд байрладаг байна.
Өнөөгийн нийслэл Жакарта хот дэд бүтцийн асуудал ноцтой хэмжээнд хүрчээ. Uber компанийн судалгаанаас үзвэл, Жакарта хотын жолоочид жилд 22 хоногийг замын түгжрэлд өнгөрүүлдэг байна. Хүн амын нягтаршил өндөр тус хот Ява арлын баруун хойд эрэгт байрладаг засаг захиргааны онцгой тойрог юм.
Сэтгэгдэл ( 0 )