Үндэсний статистикийн хороо 21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС21)-тэй хамтран Статистикийг дэмжих тухай улс орны тайланг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Энэ хүрээнд Парис21-ийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн зохицуулагч Милличент Гэй Тэжада, бодлогын дүн шинжилгээний зөвлөх Юу Тиан, олон улсын зөвлөх Жон Фредерик Де Гуиа нар Монгол Улсад ажиллаж байна.
Статистикийг дэмжих тухай улс орны тайланг боловсруулахад үндэсний статистикийн байгууллага, яам, агентлаг, төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын тоон мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагааг хариуцсан статистикийн нэгж болон төсөв, санхүү хариуцсан хэлтэс чухал оролцоотой юм. Иймд ПАРИС21-ын зөвлөхүүд Статистикийг дэмжих тухай улс орны тайлангийн зорилго танилцуулах, мэдээлэл цуглуулах зорилгоор холбогдох яамд, агентлагууд, олон улсын байгууллагуудтай уулзалт хийж байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон ПАРИС21-ийн зөвлөхүүд Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн Банкны эдийн засагч Икуко Уочи нартай уулзалт хийлээ. Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Статистикийг дэмжих тухай улс орны тайланг боловсруулахад шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )