Осака хот улаан хивсээ дэвсэн, “Их-20”-иор амьсгалж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 29

Японы Осака хот өнөөдөр эхэлж буй “Их-20” бүлгийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр өөрийгөө гэрэл гэгээтэй талаас нь харуулахаар эртнээс бэлджээ.

Дэлхийн худалдааны асуудал, Иран, Хойд Солонгос зэрэг геополитикийн чухал чухал асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч тал дэлхийн удирдагчдын тав тухтай байдлыг хангах үүднээс ариун цэврийн өрөөнөөс авхуулаад бүхий л асуудлыг япон хүний нягт нямбай зангаар нарийн шийдсэн гэнэ. Цаг завгүй эрхмүүдийн цагийг хэмнэх үүднээс ариун цэврийн өрөөний хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан суултуурын бочкиний ус дүүрэх хугацааг нэг минутаас 20 секунд хүртэл богиносгосон байна. Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын нэг болсон байгаль орчны асуудлын хүрээнд усны хэрэглээг багасгах тал дээр ч анхаарсан аж.

Японы хоёр дах том хотын оршин суугчид шулуун зан, хошин шогийн өндөр мэдрэмжтэй гэдгээрээ бахархдаг бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчдыг халуун дотноор зочлох зорилгоор орон нутгийн “Обачаан” нэртэй 70-аад голдуу насны эмэгтэйчүүдээс бүрдсэн хамтлаг нутгийн түүхэн болон соёлын дурсгалт газар, амтат зоог, соёлыг танилцуулсан рэп дуу бүхий дүрс бичлэг хүртэл гаргажээ.

Осака хотын ресторанууд “Их-20” сэдэвтэй холбоотой хоолоор үйлчилж байна. Осака хотын нэрийн хуудас болсон бүрж шарсан наймалж буюу “такояки” “Их-20” бүлгийн гишүүн орнуудад алдартай хачраар чимэглэх болжээ. Дээд хэмжээний уулзалтад оролцох, сурвалжлах нийт 30 мянган зочин, төлөөлөгч, сурвалжлагчийн таашаалд нийцүүлэн такоякийг Оросуудад зориулан загасны дүрсээр хачирлах бол Америкуудад BBQ сүмстэй такоякийг санал болгоно.

Биеэ үнэлэгчид хүртэл өөрсдийн өчүүхэн хувь нэмэр оруулах үүднээс 1989 онд болсон эзэн хаан Хирохитог сүүлчийн замд үдэх ёслолоос хойш анх удаа эмсийн хүрээлэнгийн хаалгыг барихаар шийджээ. Улаан дэнлүүний Тобита-Шинчи гудамжны 159 ийм газар дээд хэмжээний уулзалт болох өдрүүдэд хаалгаа барих гэнэ.

Осака хотын нүүр царайг төгс байдлаар үзүүлэх зорилгын ард тус хот 2025 онд дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах, олон улсын казиног байгуулах сонирхол бий. Хэдийгээр энэ нь бидэнд шууд ашиг өгөхгүй ч ямар нэг байдлаар Осака хотын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэж биеэ үнэлэгчдийн холбооны тэргүүн ярьж байна.

Харин Японы засгийн газрын хувьд алан хядах ажиллагаа, гэмт хэрэг зэрэг аливаа гэмт үйлдэл гаргахгүй байх бүх талын арга хэмжээг авч байна. “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болох бүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 32 мянга орчим цагдаа, нэг мянга гаруй эргийн хамгаалалтын офицер, 60 гаруй эргийн хамгаалалтын усан онгоц дайчлагдан ажиллаж байна.

Осака хотын замуудыг хаасан бөгөөд дээд хэмжээний уулзалтын үеэр замын түгжрэл үүсгэхгүйн үүднээс хотын оршин суугчдыг автомашинаа хэрэглэхээс аль болох татгалзахыг уриалсан байна.

Пүрэв болон баасан гарагуудад 700 орчим сургууль хаалгаа барьж, цөөн тооны нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх бөгөөд зарим галт тэрэг, метроны буудлуудыг битүүмжилжээ. Эрх баригчид уулзалтын бүсэд дрон ашиглахыг хориглосон тул хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэрэглэгчдээсээ илгээмжийг нь цаг тухайд нь хүргэж чадахгүй болсонд хүлцэл өчиж эхэлсэн байна.  

Энэ бол Япон улсын зохион байгуулж буй хамгийн том арга хэмжээ юм гэж Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга онцлоод аюулгүй байдлыг хангах асуудал амин чухал юм гэж хүчнийхэнд анхааруулсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top