УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өнөөдөр /2019.07.04/ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг бий болгож буй үйл явцтай танилцлаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар тус төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар болж, энэ оны гуравдугаар сараас тендерт шалгарсан “Ванхүү” ХХК барилгын ажлыг эхлүүлэн гурван давхар барилгыг дуусган, хэдхэн хоногийн дараа улсад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Ийм төв байгуулах санаачилга гаргаж, төсөвт хөрөнгө мөнгө тусгуулж, бүрэн дуусгахад идэвхийлэн ажилласан М.Оюунчимэг гишүүнд болон энэ жилийн төсөвт тусгагдсан арга хэмжээг ийм богино хугацаанд бодитой ажил болгосон барилгын гүйцэтгэгч компанийнханд талархаж байна. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн гэсэн нэгдсэн байртай болох нь олон талын ач холбогдолтой. Аймаг, дүүрэг, сумдад ийм төвүүдийг байгуулах ажлын үлгэр жишээ эхлэл нь энэ ажил болох юм байна. Цаашид төвийн үйл ажиллагаа жигдэрч, энд олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэл явуулж, өсөж өндийж, зах зээлд танигдаж, бүтээгдэхүүнээ борлуулж дунд, том үйлдвэр болж дэвжих гарааг тавина. Үйл ажиллагаа нь эхэлсний дараа манай яам мэргэжлийн талаас байнга дэмжиж тусална. Том үйлдвэрүүдтэй хоршиж ажиллах, олон улсын зах гээлд гарахад, жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлд хамрагдахад бодлогын хэмжээнд тасралтгүй хамтарч ажиллана. Энэ бололцоо нөхцөл нээлттэй. Үйл ажиллагааг нь идэвхтэй явуулах тал дээр салбарын яам, дүүрэг, иргэд хамтраад ажиллах нь чухал. Ингэснээр цаашид үйлдвэрлэгчидтэй илүү ойр ажиллах шинэ хэлбэр болно гэж бодож байна. Энэ жишгээр манай бусад гишүүд ажиллаасай” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 780 өрх хашаандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэдний маань хүсэж, хүлээж байгаа зүйл бол үйл ажиллагаа явуулах байр байдаг. Тиймээс өрхийн үйлдвэр эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлагаар холбогдох газруудтайгаа хамтраад гэр хороололд өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болж байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )