"Билигт Гүүш" шагнал эзэддээ очлоо

2019 оны 07 сарын 16

Дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас монгол хэлнээ орчуулан толилуулах хийгээд монголын уран зохиолыг гадаад хэлнээ орчуулах эрдмийг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шагналыг 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа олгож байхаар болсон билээ. Нэг удаа олгох шагналын сангийн хэмжээ нь 5,000,000 төгрөг, дурсгалын цом байдаг билээ. “Билигт гүүш” шагналтнаар орчуулагч Д.Болдбаатарын хятад хэлнээс орчин цагийн хэлэнд орчуулсан "Баруунш зорчсон тэмдэглэл" зэрэг бүтээлээрээ шалгарсан бол, дэд байрт залуу орчуулагч, яруу найрагч Б.Баясгалангийн англи хэлнээс хөрвүүлсэн дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологи болох "Дур булаам", гутгаар байрт орчуулагч Ж.Оюунцэцэгийн англи хэлнээс хөрвүүлсэн "Хөршүүд" бүтээлүүд тус тус шалгарлаа.

 

 

2015 болон 2017 онуудад уран зохиолын шилдэг орчуулгын “Билигт гүүш” шагналтнаар Ц.Гомбосүрэн, Б.Магсаржав нар тодорч,  Д.Болдбаатар, Ж.Нэргүй, О.Жаргалсайхан, О.Чинбаяр нар шилдэг орчуулагчийн шагнал хүртэж байжээ. "Махабхарата", "Бхагвадгита", "Панчатантра - Таван сургамж", "Шрирамчаандын тууж", "Упанишид" тэргүүт  Энэтхэгийн уран зохиолын дээжисийг эх хэлнээ толилуулж, олон үеийн оюуныг тэжээн тэтгэсэн эрхэм хүмүүн, дуун хөрвүүлэгч, ахмад дипломатч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам гуайн 90 насны ойн хүрээнд "Билигт гүүш"  гурав дахь удаагийн шалгаруулалтыг хийж ийнхүү  шагнал олгов. Уран зохиолын орчуулгыг хөхиүлэн дэмжиж олгодог "Билигт гүүш" шагналын дараагийн шалгаруулалт 2021 онд болно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bagsh mini(202.21.108.232) 2019 оны 07 сарын 16

saihan hun dee

0  |  0
Хмм(202.21.108.66) 2019 оны 07 сарын 16

Болдбаатар чинь дандаа хуучны Өвөр Монголын их гүүш Тэмэгэтийн орчуулгаас кирилл бичиг рүү буулгасан бдг шд. Тэрийг орчуулга гэх үү хөрвүүлэг гэх үү

0  |  0
Top