-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн Дубайн хэлцлийн үр дүнд хөрөнгө оруулалтын зардлыг хянах эрхийг бид тэдэнтэй хамтдаа эдлэх эрхтэй болсон л юм бол одоо тэр эрхээ эдлэх цаг иржээ-
“2020 он гэхэд хүдэр олборлоод эхэлчихнэ гэгдэж байсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт удаашрах нөхцөл байдал үүслээ, шаардагдах санхүүжилт 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэхээр байна” гэж Рио Тинто мэдэгдлээ. Ер нь бол төслийн менежментийг хэрэгжүүлэгч тус компанийн зүгээс ийм тоо бүхий мэдээлэл гадагшлуулсан нь хүлээлтийн дагуух л үйл явц болоод байна. Өмнө нь анхан шатны санхүүжилтийг 1.4 тэрбум ам.доллароор хэтрүүлж байсан “туршлагатай” хөрөнгө оруулагчид 2018 оны тайлангаа өнгөрсөн зургаадугаар сард танилцуулахдаа гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явц тээг саадтай тулгарч мэдэхээр байгааг тодорхой мэдэгдсэн. Үүнээс найман сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард анх энэ талаар яригдаж эхэлсэн байдаг.
Харин энэ оны зургаадугаар сард мэдээлэл өгөхдөө гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл урагшилж, тавдугаар босоо амны агааржуулалтыг бүрэн дуусгаж, дэлхийд хамгийн томд тооцогдох хоёрдугаар босоо амыг суулгах зэрэг хэд хэдэн нэн чухал барилга байгууламжийг барьж бэлэн болголоо гэж мэдэгдэж байв. Түүнчлэн энэ оны тавдугаар сарын эцэс гэхэд нийт барилга угсралтын ажил 54 хувийн гүйцэтгэлтэй байхаар байна гэж мэдэгдсэний зэрэгцээ бэрхшээл тоочсон юм.
Тухайлбал, хөрсний чулуулгийн хувьд амаргүй байдалтай тулгарснаар уурхайн загвар, төлөвлөлтөө дахин шинжлэх шаардлагатай болсон. Тогтвортой үйлдвэрлэл 2018 оны аравдугаар сард тооцоолж, мэдээлж байсан есөн сарын хугацаанаас илүү хойшлох төлөвтэй байна. Энэ шинэ нөхцөл байдал нь бүтээн байгуулалтын хуваарь болон төсөв, санхүүжилтэд хэрхэн нөлөөлөх талаар бид нарийвчилсан дүн шинжилгээ, тооцоолол хийж байна хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Рио Тинто өөрсдийн шинэ тооцооллоо өчигдрөөс эхлэн гаднын нэр бүхий хэвлэлүүдээр дамжуулан бидэнд дуулгалаа. Далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх хугацаа 16-30 сар хойшилж, төслийн төлөвлөгдсөн зардал 5.3 тэрбум ам.доллар дээр нэмээд нэгээс хоёр тэрбум ам.долларын хэрэгцээ гарч байна гэв. Чухам яг ямар хугацаагаар хойшилж, хэчнээн ам.доллар нэмж хэрэгтэй болохыг ирэх сонгуулийн жилийн сонгуулийн сартай давхцуулан Рио Тинтогийн зүгээс мэдэгдэх гэнэ.
Эрх баригчид хийгээд эрх барихыг хүсэмжлэгчид эрх мэдлийн төлөө ид үймж байх тэр үед хөрөнгө оруулагчдын зүгээс гаргаж тавих хугацаа хийгээд тоонд хянамгай хандах санаачилга манай нөхдөд байх эсэхийг одоо хэлэхэд эртдэхээр байна. Өдгөө яригдаж буй хоёр тэрбум ам.доллар шүргэх хэмжээний зардлын өсөлтийг хөрөнгө оруулагчид түрүүн хэлсэнчлэн хөрсний чулуулгийн бүтэц, шинж чанартай холбон тайлбарлаж байна. Уул уурхайн томоохон төслүүдэд цаг хугацааны, санхүүжилтийн асуудал гарахгүй биш гардаг л даа. Гэхдээ Рио Тинтогийн хувьд Оюутолгойг хөдөлгөх эрхийг гартаа авч чадсан хамгийн гол үндэслэл нь тэдний чадварт, технологид байгаа л гэж ойлгогддог. Газрын гадаргаас 700 метрийн гүнд орших бүлэг ордын хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засаг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тодруулбал, хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан дороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргаж, хүдрийг урьдчилан тооцоолсны дагуу хяналттайгаар нурааж авах арга юм. Тэгвэл хөрөнгө оруулагч “Рио Тинто” нь энэхүү блокчлон олборлох аргаар мэргэшсэн дэлхийн шилдэг компани гэж өөрийгөө тодотгодог.
Түүнчлэн гүний уурхайн олборлолтын зураг төсөл, барилга угсралт, үйл ажиллагааны шилдэг технологийг эзэмшсэн дэлхийн түвшний мэргэжилтнүүд ажилладаг гэж танилцуулдаг. Энэ утгаар нь харвал дэлхийн түвшний мэргэжилтнүүдтэй, дэлхийн түвшний технологитой компани алдаж тооцсоноо, ахиж тооцоолох гэж байгаа харагдах энэ үйл явцад Монголын Засгийн газрын оролцоо ямар түвшинд байх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.
Сануулахад, Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар 5.1 тэрбум ам.доллар байсан билээ. Төслийн хүрээнд төлөвлөсөн цахилгаан станц баригдаагүй учраас 4.7 тэрбум ам.доллар байхаар тооцоо гардаг. Гэвч гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, ТЭЗҮ-д тусгаснаас 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн.
Зардал хэтрэх нь аль аль талдаа асуудал дагуулна. Гэхдээ нөхцөл байдлыг харахад 34 хувиа өрөөр санхүүжүүлдэг манай Засгийн газарт илүүтэй ашиггүй юм. Бидний өр өшөө нэмэгдэж, нөгөөх ногдол ашгийн сураг бүр л алсарна гэсэн үг.
Анхны ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалтыг 4.4 тэрбум ам.доллар гэж төлөвлөж байсан бол нэмэгдсээр 7.1 тэрбум болж, 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 11.1 тэрбум ам.доллар болгож зардлаа өсгөсөн байдаг. Ер нь ТЭЗҮ дэх тоог үнэ цэнгүй болгох тохироог 2015 оны тавдугаар сард Дубайд хийсэн хэлцлээр баталгаажуулсан байдаг.
Дубайн хэлцлээр, анхан шатны бүтээн байгуулалтын төсөв болон бодит зардлын хоорондох зөрүүг тайлбарласан аудитын шалгалтын дүнг баталгаажуулж, ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай гэсэн тохироог талууд хийсэн байгаа юм.
Харин тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг тэрхүү хэлэлцээрт гарын үсэг зураад ирснийхээ дараа хэлэхдээ “Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубайд хэлэлцээр хийсний эцэст гарын үсгээ зурлаа. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой бол Засгийн газрын ч асуудал биш, улс төрийн ч асуудал биш болно. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тийм учраас улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Оюутолгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье. Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, Рио Тинтогийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн. Одоо үндсэндээ хоёр талын бүх тоонууд нэгдсэн нэг тоон дээрээ тогтсон. Үүний дагуу хуваалтыг тооцоход түрүүний 53:47 гэдэг харьцаа Монголын талд 54.9 хувь болж очихоор бүх тохиролцоогоо хийсэн. Одоо 54.9 хувиас илүү Монголын талд ашигтай 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр байх боломж байхгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэж байлаа.
Үнэхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн Дубайн хэлцлийн үр дүнд хөрөнгө оруулалтын зардлыг хянах эрхийг бид тэдэнтэй хамтдаа эдлэх эрхтэй болсон л юм бол одоо тэр эрхээ эдлэх цаг иржээ.
Гүний уурхайгаасаа жилдээ 550 мянган тонн зэс олборлодог болчихвол Оюутолгой дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх зэсийн уурхай болох юм. Хорин сая гаруй тонн зэс мөн хэмжээний унц алтны нөөц бүхий Оюутолгой Монголын эдийн засгийн чухал тулгуур гэж “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлж байсныг дашрамд сануулъя. Оюутолгойн үнэ цэн тодрох тусам бид “засаглах” эрхээ ухамсарлах ёстой юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
МОНГОЛ УЛСАА ГАДААДЫНХАНД ХУДАЛДАЖ БАЯЖСАН НОВШНУУД ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ ТААРНА.
TER AVDGAA AVSAN . ODOO TER YU CH MEDEHGUI GEH BAIH. ELBEGDORJIIN YTGALGAAR HIISEN GEREE.
tavih humuusiig sain shalgaj ehleh heregtei bna.Yag uuntei hamt Rio Tintogiin buh zardaliig neg burchlen shalgah meregjliin todruulbal nariin meregjliin buren erht hun tomilj asuudliig shiidverleh heregtei.Ter Bagabandi bas nuguu Ineemseglel hamtlagiin Enkhbayar ch biluu munguur hudaldagdsan baraanuudiig bucaan tataj ustgald oruulah heregtei sh dee
Ene uurhai bol yamar negen uls bish baimaar yum.Yagaad hamtiin geree/ene geree geech ni mongoliin tald uneheer ashiggui hiigdsen/ baiguulchaad zardal ussun gedeg huuramch uzuulelteer gereend orolcogch Mongoliin taliig hulhidaj urund oruulah ajillagaa yavagdaad baigaag manai talaas hen shalgaj hyanalt tavih estoi yum be? Ter huniig todorhoi ner zaaj medeeleechee iimerhuu burheg baidlar 10 garui jil yavlaa sh dee. Odoo bolson yum bish uu? Gereeg tuhain ued baiguulsan humuus Rio Tintogiin ene zali mehiig demjeed baidag yum bna gej hardalt turuuleed bnaa.Tiim bolhoor ehleed manai talaas hyanalt
Сайханбилэгээсээ асуугаач. Одоо тэр юу гэж хэлэхюм бол? Хариулж эс чадвал эх орноос урвасан ялаа тулгаач. Энэ асуудлыг ямар удаан шалгадаг юм бэ? Шалгаж буй хүмүүсээс нь асуугаач сэтгүүлчид