Ахлах курсийн оюутнуудын хувьд карьер төлөвлөлтийн нэг чухал алхам нь дадлагажих хугацаа байдаг. Энэ нь залууст суралцаж байх хугацаандаа онолын мэдлэгээ бодит орчин, бизнесийн нөхцөл байдалтай уялдуулах том боломж юм. ХААН Банкнаас оюутнуудад нэг сарын хугацаатай, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, практик туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх “Оюутан дадлагажуулах хөтөлбөр” зарлажээ. Монгол орон даяар 6500 орчим ажилтантай, хувийн хэвшлийн ААН-үүдээс ажилтнуудынхаа тоогоор эхний гуравт жагсах, томоохон ажил олгогчийн хувьд ХААН Банк хүний нөөцийн чиглэлд онцгой анхаарч ажилладаг билээ.
Хөтөлбөрт дотоод болон гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах бөгөөд 2018 оны хичээлийн жилийн сурлагын голч үнэлгээ нь 2.8 ба түүнээс дээш байх шаардлага тавьж буй аж. Оюутнууд дадлагажих хугацаандаа олон сонирхолтой арга хэмжээнд оролцохоос гадна мэргэжлийн түвшинд өөрийгөө сорих боломжтой. Энэ удаагийн хөтөлбөр ХААН Банкны төв оффис болон Улаанбаатар хот дахь тооцооны төвүүд, мөн Зүүнхараа салбар, Баян-Өлгий салбар, Говь-Алтай салбар, Ховд салбаруудад зарлагдсан нь орон нутагт сурч, амьдарч буй оюутнуудад давуу тал олгож буйгаараа онцлог юм. Мөн энэхүү хөтөлбөрийг цаашид илүү өргөжүүлж, төсөл, хөтөлбөр болгон, тогтмол хугацаанд зарлахаар төлөвлөж байгаа аж.
Оюутнуудын дадлага хийх хүсэлтийг 2019 оны 7-р сарын 26-ны өдрийн 17.00 цаг дуустал ХААН Банкны цахим хуудсаар дамжуулан хүлээн авах бөгөөд ЭНД дарж, зарын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн хэмжээнд өсөн дэвжих хүсэлтэй оюутнуудыг энэхүү хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. ХААН Банкны хувьд дадлагын хөтөлбөрт нээлттэй ханддаг төдийгүй 2018-2019 онд 430 орчим оюутан тус банкинд дадлага хийж, мэдлэгээ бататгажээ.
Оюутан та дадлагаа амжилттай хамгаалснаар Монголын хамгийн том банкинд ажилд ороход тань давуу тал болох юм. Өнгөрсөн онд 1000 ажилтан шинээр ажилд авч, ажлын байраар хангасны 50 хувь нь шинэ төгсөгчид байжээ. Үүний хамгийн том жишээ бол, ХААН Банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Питер Морроугийн нэрэмжит олимпиад болон Санхүү, менежментийн улсын олимпиадад амжилт үзүүлсэн оюутнуудад ажлын урилга гардуулдаг билээ. Мөн залууст зориулсан менторшип хөтөлбөрүүд зарладгаас гадна “AmCham Mentor Day” өдөрлөг зохион байгуулж, их дээд сургуулиудын оюутнууд дундаас шилдгүүдийг сонгон шалгаруулж, ажлын санал тавьдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )