Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар ахлуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үе шаттайгаар хэлэлцүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2019.07.25/ Төрийн ордонд “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” саналыг хэлэлцэж байна. Яг одоо УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүст хандаж байр сууриа илэрхийлж байна.
Тэрбээр “Тухайн үеийн намуудын төлөөлөл өнөөдөр ярьж байсан бүх өөрчлөлтийг дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр тэр бодлоосоо ухарч цоо шинэ Үндсэн хуулийг батлах ёстой гэж байна. Энэ бүхнээс харахад нэг парламентын төсөл биш. Дөрвөн парламент дамжсан төсөл. Энэ бол нэг намын төсөл биш. Олон намын хамтын бүтээл гэж ойлгож болно. Ийм ч болохоор Ерөнхийлөгч хүртэл оролцож байна. Энэ бол улстөрчдийн хүсэл зорилго биш. Эрдэмтэн, судлаачид хүртэл үзэл бодлоо шингээсэн төсөл" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Монголын шүүх өнөөдөр шударга байна уу, гэвэл бүгд үгүй гэж хариулна. Тэгэхээр өнөөдөр сөрөг хүчнийхээ санал бодлыг сонсож байна. Хэн, хэнээ хүндэтгэх ёстой. Өнөөдөр гадаад, дотоодын бүлэглэл Үндсэн хуульд оруулж байгаа заалтыг эсэргүүцэж байна. Тийм болохоор гашуун боловч шударга үнийг би хэлэх болно. Монгол хүн байгалийн баялгийнхаа эзэн нь болох хэрэгтэй байна. Мэдээж улс төрийн нам, эвсэл янз бүрийн байр сууриас хандах нь зөв, хүндэтгэж байна. Өнөөдөр Монгол Улсын эрх ашгийн төлөө эрдэмтэн, судлаачид нэгдэж хэлэлцээд явж байна. Нутгийн удирдлагын асуудал хамгийн чухал, ээдрээтэй байгаа нь үнэн. Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг уриалж байна” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )