АЙЛЧЛАЛ: Туркийн Үндэсний их хурлын даргын айлчлал эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2019.07.29/ Улаанбаатар хүрэлцэн ирлээ.

Энэ сарын 31-ны өдрийг үргэлжлэх энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.  

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын хооронд 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтийн ажиллагаанд ноён Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Мөн тэрбээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төсөл Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид тус төслийн нээлтэд оролцоно.

Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top