ААВУУДЫН ӨДӨРТ | Аавдаа уншиж өгөх ШҮЛГҮҮД

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Өнөөдөр наймдугаар сарын 8. Аавуудын өдөр. Энэ өдрийг 2005 оноос хойш Манай Улсад тэмдэглэх болжээ. Аавуудын өдөрт энэхүү шүлгүүдийг зориулав.
Амьдралын ноён нуруу болсон аавдаа уншиж өгөөрэй.


***

Айлчинд цай аягладаг

Нэгэн бүтэн шаазан

Үдийн цайны өмнө

Шалан дээр тасхийлээ

Хүүгээ чи бид хоёрын

Хэн нь аашилж

Хэн нь аргадах вэ?

 

Номын тавиур онгичиж

Юугаа ч эрсийм

Ногоон савтай бэх

Дэвтэр  дээр асгажээ

Би шүлгээ сэргээж

Чи гарыг нь угааж дээ

Өөр яахав вэ

 

Энгэрийнхээ товчоор оролдож

Ээжийгээ харан санаа алдаад

Гэм хийсэн л бололтой

Гилжийгээд зогсжээ

Миний хүү

Чи эхлээд үнсэх үү

Би эхлээд үнсэх үү?!

А.Эрдэнэ-Очир


ААВДАА ЗОРИУЛСАН ШҮЛЭГ
 

Цэцэгс бидний дурсамж болоод булшин дээр тавих дурсгал

Цэцэгс бидний дурлал бөгөөд тойрон эргэлдэх дурдтгал

Цэцэгс бидэнд байгаа бүх зүйлийн төлөөлөл

Цэцэгс бидэнд байгаагүй бүхний төсөөлөл

Хортой энэ агаар бидний хамаг жимсийг залгиад

Хаашаа шурган одсоныг хэн ч хэлж мэдэхгүй

Учир нь энд бүгд чихгүй, хэлгүй, нүдгүй

Урьд өмнө нь ийм л байсан, одоо ч тийм л байна

Цусаар шуурсан тэнгэрийн хаяанд наран мандахгүй

Цутгах борооны төмөрлөг ширхэг арьс зүснэ

Цурхиран уйлаад ч хэн ч сонсохгүй хүйтэн ертөнцөд

Цугтаа байна гээд намайг авчирсан аав минь хаачаа вэ?

Энэ ертөнц цэцэгсийн орон, таныг олж очих хаалга

Энэ ертөнц цэл залуухан бас хамгийн өтөл дорой

Энэ ертөнцийн цусаар тэжээгдсэн бидний хувь тавилан

Энэ ертөнцийн цуурай болон тэнгэртээ мөнх оршино.

О.Элбэгтөгс


***

Буцаж ирэхдээ лийр авчирна гэж амлаад

Буриад гутлуудаа үүрэн зах руу явдаг байсан

Гуталчны хүү байх нь хөл даарахгүй тоглохын нэр гэдгийг

Гудамжны цасан дайн, мөсөн гулгуурууд мэднэ

 

Шуудайтай гутлуудаа зарж зогсохдоо эцэг минь

Шунал гэдэг нь, хүүдээ лийр авах хүсэл юм гэж бодсон болов уу

Будаа, гурил, тамхи, цавуу дүүрэн шуудай үүрээд

Буцаад ирэх нь Зуунмодын ургац хураалт шиг л санагддаг

 

Гуталчин аавын минь дэргэд

Гурилаар цавуу буцалгаж суухдаа, ээж минь

Гунжаа тугаллуулж, уургийг нь чанаж

Гудамдаа л сайхан амьдарна гэж итгэсэн болов уу

 

Тө.Бямбасүрэн


***

Цас орж байна ээж ээ,

Хоёулаа аавын тухай ярих уу?

Цантай цонхон цаана

Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг

Санагдаад байна,

 

Өөрийнх нь тухай дурсан ярихыг

Хүлээгээд л байгаа юм шиг

Өрөвгөр жаалхан болжморуудыг

Өвөртөө дулаацуулах

Өвгөн модны дүрээр

Ширтээд байгаа юм шиг

Санагдаад байна!

 

Ээж ээ, та битгий уйл л даа

Эсвэл хоёулаа өөр зүйл ярих уу?

Уйтгар гэдэг хуучрах тусмаа

Улам л гунигтай болдог юм байна

Тийм ээ? Ээж ээ!

Сэтгэл гэдэг яг л газар шиг

Хавар бүхэн л

Ханзардаг юм байна

Тийм үү! Ээж ээ?

 

Ээж ээ, тээр хацар дээр чинь

Нулимс бөмбөрөөд зогсохгүй нь

Ингээд л би тандаа шүлэг бичиж

Зүрхэлдэггүй юм шүү дээ!

Урагдаж байж л бичдэг

Энэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөө

Ургуулж өсгөсөн ижийгээ

Уйлуулчихдаг би мөн азгүй хүн ээ!

 

Ээж ээ, ээж ээ!

Хайр гэдэг нь энэ юм уу ээж ээ!

Халуун, давстай, усан зүйл байдаг юм уу?

Аавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоор

Амт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм уу?

Ээж ээ!

 

Ээж ээ, цас ороод л байна!

Цаашаа таны тухай шүлэг бичье гэвч

Та уйлна гэхээр даанч надад

Хэтэрхий их гунигтай байна!

Э.Бүжинлхам


ААВДАА

Оддоос амь туяа гэрэлтэнэ

Олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ

Очих хүсэлгүй, уулзах бодолгүй ч

ороогүй цас, дуслаагүй бороо, урсаагүй нулимс

орхиод явсан газар

уулзалгүй удсан хүмүүс үгүйлэгдэнэ

 

Ийм үед,

үгүйлэх минь хайр шиг мэдрэгдэж

үгс хэлэхгүй байх тусмаа үнэтэй санагддаг.

Ийм үед,

эртний өрөө төлөх тухай бодол гэнэт төрж

эгэм цээжийг улам хүнд болгодог

 

Улас хийгээд тамхины цог анивчина

Уулсын дундах байшиндаа та

цонхоор ширтэж амьдарна

Мартагдана гэдэг ийм амархан

Маргааш гэдэг ийм амгалан

 

Оддоос амь туяа гэрэлтэнэ.

Одод, бороо, үгс гээд л 

олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ

Ганц зүйл гэтэл олон утга илэрхийлнэ-

ганцаараа мөртлөө та надад

бүх зүйл шиг санагдана.

Энд ч гэсэн дээ

Улсхийгээд тамхины цог анивчина

Уулсын дундах байшиндаа хүү нь

цонхоор уугиж амьдарна

Б.Батзаяа


***

Самуун дажнаас хүртэл ингэтлээ шархадсан баатар

Сажилж ирэх нь олон биш ээ. 

Салбарч урагдсан эцгийн минь төрхөнд цаг хугацаа

Савраа шигтгэж, хумсныхаа сорвийг хайр гамгүй үлдээжээ.

Хэнхдэгээ хүртэл сийчүүлээд амжиж, зовхи нь бууж

Хэрмэл Одиссейн сэнтий мэт сандал дээрээ гудайжээ.

Үр хүүхдийнхээ төлөө л ингэж үхэлдэж амьдарлаа гэвэл

Үнэнд эс нийцнэ, үнэн чинь юу вэ гэж тулган асуувал

Үүлгэртсэн ядруу нүдэн дотор нь үүлс хөвж, үүлсийн дунд 

Үзэсгэлэнтэй залуу бүргэд жигүүр хурцлан шунгаж үзэгдэнэ.

 

Хүнийг дотроос нь хийсгээд байдаг нэг тийм голын хий

Хүчирхэг хоёр жигүүр далан дээр нь ургуулж

Хүйтэнд нөмөрлөх учиртай үрс, гэргий, үүр гэрээ орхин

Хөндий уруудсан салхийг сөргөн дэвж ниссэн нь үнэн.

Тэнцвэргүй олон тулааны эцэст үхлүүт шархтай хаягдсан байхад нь

Тэмцсээр олж очоод бургасан дамнуурга дээр дамжлан

Орон гэрт нь аваачиж аманд нь ус балгуулахад ч 

Оддыг ширтэж, хуухиран шуухитнаж, шүдээ хавирах үйлтэн.

 

Үрийнхээ сэвлэгийг үнэрлээд л сэтгэл нь дүүрчих эцэг

Үүдээ сөхөж ороод л жавар нь үргэчих эр хүн

Та минь лав байгаагүй, тэглээ гээд муу үрс нь

Таны сүүдэрт даараагүй, хайр үгүйлж өнчрөөгүй.

 

Дэвэн одох болгонд нь араас нь даллан гүйсээр

Дэлхийн салхинаас залгилж цээжиндээ хураан хураасан нь

Дээлин дотроо өд нь гүйцсэн бас нэгэн тэнүүлчинг 

Дээвэр дээр гарган цэх зогсоож амжсан байна.

Агаарт хөлөө тавиад л би амьдралыг олно

Амжиж жигүүрээ дэлгэвэл аавыгаа илүү ойлгоно. 

Б.Баясгалан


ТОГТУУН БУС

Адуу үүрссэн талд нэг л хүн дутаад

Амьд мэндийн тухай шувууд сэм шивнэлдээд

Уулс хүртэл гунигийн харцаар ширтэлцээд

Уйланхай жаал шиг тэнгэр ганц нэгээр дусагнаад

Эх орон минь тогтуун биш байна

Энд хэн нэгэн ирж жаргалын цуур эгшиглүүлээч

 

Инээд цалгисан гэрийн хоймор эзгүйрээд

Ижий хар шөнөөр хананы нүд тоолж санаашраад

Өвөл дуусахгүй зун өвөл аятай санагдаад

Өнчирсөн зүрхнүүд гадаа хөлийн чимээ чагнаад

Эх нутгийн минь тэнгэр дор

Энд хэн нэгний сэтгэл тогтуун бус байна

 

Үүр цайтал уйлсан дүүгийн нулимсыг

Өдөржин бурхан чөтгөр хоёр хундага харшуулж уугаад

Өчигдөрхөн л надад зориулж эсгэсэн баярын дээл

Өдөр өдрөөр багадаад, өнгө нь бас гандаад

Цаг хугацаа хүртэл

Цаг агаар шиг тогтуун биш байна

 

Үзээгүй ертөнцийн тасалбарыг үлдээгээд алсын алсыг зорьсон

Өр зүрхний минь аргамж аав та минь эзгүй болохоор

Дэлхий хүртэл дайвалзаад тогтуун бус байна

Дэргэд та минь байхгүй болохоор...

Э.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top