АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирсэн даруйдаа Дорнод аймгийн Халх гол суманд сүндэрлэж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Учир нь, түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх сард ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг тус суманд хэрэгжүүлж байгаа билээ.
Улаанбаатар хотоос 900 гаруй км-ийн алсад дорнын талд сүндэрлэж байгаа “Шинэ сум” төслийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай байна. Ирэх сарын 30-нд ашиглалтад хүлээлгэж өгөх энэхүү төслийн хүрээнд Халх гол сумын Засаг даргын Тамгын газрын барилгаас гадна 250 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал, цэцэрлэгт хүрээлэн зэрэг 11 байгууламж барьж байна. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуйн нэгжийн барилгыг дулаанаар хангах уурын зуухыг шинээр барьж байна.
Дээрх бүтээн байгуулалтын ажлыг ОХУ-ын “Роснефть” компанийн санхүүжилтээр буюу 24 тэрбум төгрөгийн төсвөөр барьж байгаа аж. Нийт зургаан га газрыг хамрах “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниар “Их Модун” ХХК ажиллаж байна. Харин бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний 138, 110 дугаар барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн гар бие оролцож байна.
Х.БАТТУЛГА: АЛСЛАГДСАН 100 ГАРУЙ СУМАА ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хөдөө сумын иргэдийн малаас гаралтай түүхий эд нь баталгаатай борлогддог байлгах, нөгөө талаасаа газар тариалангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Халх гол сумаар жишээ авахад энэ бүс нутагт газар тариаланг хөгжүүлж хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн экспортлох боломж бий. Өөрөөр хэлбэл орон нутагт нь ямар нэг байдлаар боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Халхголын тулалдааны 80 жилээр бөх барилдуулж, морь уралдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалт босгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. Ирэх есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байна.
Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. Халх голын бүтээн байгуулалтаар сум шинэчлэх ажил амжилттай үргэлжилж байгааг харж байгаа байх. Мөн ажилд барилгын цэргийн ангийнхан оролцож байгаа. Дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байна” хэмээн тодотголоо.
И.К.АЗИЗОВ: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН УРИЛГЫГ В.ПУТИН ХҮЛЭЭН АВСАН
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирэх урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авсан. Халх гол сумыг шинэчлэх санааг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, өнгөрсөн оны есдүгээр сард Владивостокт болсон уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулсан. Энэ санааг манай тал ихэд дэмжсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү санаачилга хоёр гол утгыг агуулж байна. Нэгдүгээрт, Халх голын байлдааны хамтын ялалтыг мөнхжүүлж, ирээдүй хойч үедээ үлгэрлэн өвлүүлэх. Хоёрдугаарт, хоёр орны найрамдалт харилцааг бататгах. Алслагдсан сумдын өнгө төрхийг өөрчилж, XXI зууны шаардлагад нийцсэн амьдрах орчин бүрдүүлэх нь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэгэн чухал зорилт юм” хэмээн ярилаа.
ШИНЭ СУМ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭНЭ
Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ “Манай сум төвөөс алслагдсан тул эрчим хүчээ уурын зуухаар шийдэж, аюулгүй байдлыг онцгойлон анхаарч байна. Орон сууцны 20 барилга, аж ахуйн нэгжийн долоон барилгыг дулаанаар хангахуйц хэмжээний уурын зуух шинээр барьж байгаа. Шинэ сум төсөл хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ манай сумыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн өсөх хандлагатай байна. Өнгөрсөн онд сумын иргэдийн тоо 100 гаруйгаар нэмэгдсэн. Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан хими, биологи, түүх, бага ангийн багш нар ажиллах хүсэлтээ идэвхтэй ирүүлж байна” гэв. Ямартай ч Халх гол суманд сүндэрлэж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай байна. Хэзээ мөдгүй “Шинэ сум”-аа өлгийдөн авах гэж байгаа нутгийн зон олны сэтгэл ч өөдрөг байна билээ.
Сэтгэгдэл ( 0 )