“Аравт”-ын алтан туурай зүг зүгийн хөвгүүдийн зүрхэнд тамгалагдав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Төв аймгийн Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын нэгдсэн төвд олон улсын чанартай цэргийн бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээн зохион байгуулагдсаар ирсэн энх тайвны халуун цэг билээ.  Энэ жил ОХУ-аас зохион байгуулдаг “ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг “Армейские игры” буюу цэргийн тоглолт эхэлсэн бөгөөд энэ жилийн олон улсын цэргийн наадам  дэлхийн 10 орны нутаг дэвсгэрт  нэгэн зэрэг эхэлж, 36 орны 220 гаруй  багийн  6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин зэрэг өрсөлдөж байгаагийн нэгэн шинэ төрөл “Аравт” морин цэргийн  уралдаан Монгол Улсад төдийгүй дэлхийд анх удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Тус уралдаанд оролцсон Монгол Улс, Оросын Холбооны Улс,  Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын баг тамирчид энэ сарын 3-8 хүртэл эр зориг авхаалж самбаагаа сорин өрсөлдөж холын болон ойрын зайнд морьтой үүрэг гүйцэтгэсэн юм.  Харин БНХАУ, АНУ, Бүгд Найрамдах социалист Вьетнам улс, Бүгд Найрамдах Зимбабве улс ажиглагч орноор оролцов.

Тэмцээний сүүлийн өдөр тэнгэр бүрхэг сэрүүвтэр байлаа. Хамгийн сүүлд ОХУ-ны баг тамирчид богинын зайд гараанаас гарч, үүрэг гүйцэтгэж, барианд цугларсан цэргийн командлагч нар болон зочид төлөөлөгч, үзэгч олон, хэвлэл мэдээллийн ажилтнууд тэднийг халуун баяртайгаар угтан авлаа. Морьдынхоо амгайг татан дүүхэлзэх тамирчдын тасгийн дарга, ахлах түрүүч Сагды Сержанаас сэтгэгдлийг нь сонсоход “Холын зайнд амжилттай үүрэг гүйцэтгэсэн. Ойрын зайд кранат шидэх, гүйх нь хүнд байлаа” гэлээ. Тэмцээний дүн цагийн дараа гарна гэдгийг албаны хүнээс сонсоод, хэвлэлийн ажилтнуудын өрөө рүү орж мэдээгээ шуурхай оруулчихаад эргэн тойроо ажиглав. Энэ тэмцээний зохион байгуулалтад 300 гаруй албан хаагч ажиллаж байгаа аж. Толгой өөд татах завгүй ажиллах хэвлэл мэдээллийн ажилтнууд цаг минут алдалгүй мэдээ орчуулан хүргэж, орос, монголоор ярилцан, бичиг цаас барин нааш цааш барин гүйлдэх агаад дарга нар нь доод албан тушаалтнууддаа үүрэг өгч, захиран командалж байх нь содон.

Тэмцээний үйл явцыг газар дээрээс нь шууд дамжуулах өндөр хүчин чадалтай станц бүхий Команд штабтай танилцав. Нэг давхарт нь шүүгчдийн бүрэлдэхүүн шууд дамжуулалтыг дөрвөн том дэлгэцээр хянаж байв. Баг тамирчдыг шүүгч, хүний эмч, малын эмч, агтач, орчуулагч, сурвалжлагч, жолооч гээд төрөл мэргэжлийн алба хаагчид дагалдан ажиллаж байна. Мөн МҮОНРТ-ийн хамт олон цэгүүдэд ажиллаж байгаа юм. Шүүгчид тэднийг болон тамирч­дын үйлдэл, гүйцэтгэл хөдөлгөөн бүрийг хянан ажиллаж, тэмцээнийг шударга шүүхийн төлөө нүд цавчил­гүй ажиглаж байв. Мөн хажуугийн том дэлгэц бүхий хурлын өрөөнд тэмцээн бүрийн дараа ОХУ-тай холбогдон онлайн хурал хийдэг ажээ. Тамирчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд баг бүрт зүг чиг заагч буюу GPS суулгасан бөгөөд Холбооны өрөөнд дроноор авч буй камерын бичлэг болон холбоо техникийн аюулгүй байдлыг хянах Дэд хурандаа М.Батхуяг тэргүүтэй баг бүрэлдэхүүн ажиллана. Хоёр давхрын шилэн цамхагт газар зүйн байршлыг харуулсан загвар зураг бүхий танхимд нэг том дэлгэцээр цэрэг дайчид баг тамирчдын гүйцэтгэлийг шууд үзэхийн зэрэгцээ ойрын зайн уралдааныг өндөр таталтын дурангаар харах боломжтой байлаа. Дурангийн нүхээр шагайхад дөрвөн километрийн тэртээх цэргүүд дэргэд байгаа юм шиг л дурайж харагдав. Мөн тус шилэн танхимд ““Аравт” олон улсын анхдугаар уралдааны түүхэн дурсгалт гэрэл зургуудыг үзэсгэлэн болгож дэлгэжээ. Гэрэл зураг л үлдэнэ гэдэг энэ байх даа. Орон орны дайчдын эв найрамдалт дүр зураг, соёл урлагийн арга хэмжээ, нийслэлтэй танилцаж,  бөх барилдаж, дуу дуулсан анд нөхөрлөлийн тухай дурсамж энэ хэсэгт хөвөрнө.

Биднийг газарчилж яваа ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Ууганбаяр  “Уралдааны бэлтгэлийн явцад үндэстэн үндэстний урлаг соёлын арга хэмжээ, Монголын уламжлалт бэсрэг наадам болон спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж, манай баг тамирчид волейболын тэмцээний төрөлд  алтан медаль авсан. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Мөн түүнчлэн оролцогч орнуудын дунд “Монгол дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд шалгарсан Казакстан улсын тамирчин хаалтын хөтөлбөрт ая дуугаа өргөхөөр уригдсан. Оролцогчдын сэтгэгдэл маш өндөр байгаад баяртай байна” хэмээн өгүүлэв. Тус уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, Казахстаны улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев болон уралдаанд оролцогч, ажиглагч орны Элчин сайд, генерал, офицерууд оролцов. Төв талбайд хүндэт харуулууд тэвхийтэл нэгэн жигд алхаж,  ярсхийтэл эгнэн жагсаж, бүрээ үлээн, хүндэтгэл үзүүлж, зочид төлөөлөгчдийг  угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч,  Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга хүндэтгэл ёслолын өргөөнд орж, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В. Фоминтой уулзав. Уулзалтын дараа “Аравт” олон улсын хаалтын арга хэмжээ эхэлж, хүндэт зочид суудлаа эзэллээ. Хаалтын үйл ажиллагаанд “Аравт-2019” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар морьтон цэргүүдийн хамт морьтой ёслолын жагсаалыг үзүүлж, Үндэсний Батлан Хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн  бөмбөрчид цэрэг эрсийн сүр жавхаа, дайчин яруу алдрыг дуурсган, зүрх огшоосон тоглолт үзүүлэхтэй зэрэгцэн тэнгэр хангай тааллаа үзүүлж, зөөлөн бороо шивэрч эхэллээ.

Хөтлөгчид монгол, оросоор зарлан, уралдаанд оролцсон баг тамирчдыг  талбайд  урихад Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьд, Киргизстан улсын Зэвсэгт хүчний баг шарга зүсмийн морьдоор ижилсэн гоёж эгнэн жагслаа. Уралдааныг зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэлсэн үгэндээ  “Энх тайван, найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэ тэмцээнд ялагдагч гэж байсангүй, та бүхэн бүгд ялагч, бүгд манлайлагчид гэдгийг онцлон хэлье” гээд тамирчдад шагналыг гардуулав.  Ийн шагнал гардуулах ёслол эхэлж, түрүүлсэн багт ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны аваргын цомыг хүлээлгэн өгсөн билээ. Аваргалсан багаар Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тодорч, цэрэг дайчид, ард олны уухайгаар түрлэг өргөн, дайчдад баяр хүргэв. Казахстаны баг хоёрдугаар байрт, Киргиз, ОХУ-ын баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. “Аравт” уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, морьтон дайчдад баяр хүргэж үг хэллээ. 

“Хүндэт дайчид аа, албан хаагчид  аа, хүндэт зочид оо, найз нөхөд өө, Морьтон монголчуудын түүхэнд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсанд миний бие гүн талархалтай байна. Морин цэргийн анхдугаар уралдаанд оролцож, бэрхийг туулж саадыг даван барианд орсон бүх тамирчин, дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баярыг хүргэе. Монголын шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдлуудад монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй. Удахгүй наян жилийн ойг тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж ялалтыг авчралцсан гавьяатай юм. Бид Халх голын түүхэн ойг мөр зэрэгцэж тулалдаж явсан анд нөхөдтэйгөө өргөн тэмдэглэхээр мөн зэхэж байна. ОХУ-ын санаачилгаар цэргийн тоглолт олон улсын уралдааны хөтөлбөрт энэ жилээр шинээр морин цэргийн уралдааныг оруулж Монгол Улсад анх удаа зохион байгуулсанд онцгой ач холбогдол өгч байгаа юм. “Аравт” морин цэргийн тэмцээн нь юуны өмнө уламжлалт найрамдал нөхөрлөл, ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тустай. “Аравт” морин цэргийн уралдаанд оролцогчдын тоо  нэмэгдэж улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй  байна. Морьтон дайчдын өлгий нутагт дахин баяртай уулзаж хүч чадлаа сорих, ур чадвараа гайхуулахыг урья” хэмээв.

Энэхүү уралдааны шилжин явах цомыг ОХУ-аас Монгол Улсад хүлээлгэн өгч, дараагийн тэмцээн дахин эх оронд маань болох эрхтэй болсон нь энэ удаагийн тэмцээнийг үнэлсэн үнэлгээ гэж харж байлаа.  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт болон ЗХ-ний 032-р ангийн найрал хөгжмийн морьтой үлээвэр хөгжмийн үзүүлбэр, морьтон баатруудын үзүүлэх тоглолт гадны зочид төлөө­лөгч­дийг гайхшруулсан, монгол­чуудаа огшоож, уухай хадаасан үйл явдлын хажуугаар бид оролцогч орны тамирчдын сэтгэгдлийг авч амжлаа. Казакстаны багийн тамирчин “Хоёрдугаар байр эзлэхийн төлөө хамаг л хүч чадал, боломжоо дайчилж ажиллаа. Хамгийн хүнд шалгуур нь холын зай, хоноглолт, ус гатлалт байлаа. Хоноглолтын үед аадар бороотой байсан. Монгол морьд намхан хэр нь ямар хүчтэй юм гэдгийг харууллаа” гэж  Бейсэн Абай хэлсэн бол Ахлагч Сүтемгенеов “Надад онцгой санагдсан нь монгол морины араншин. Монголчууд морио хайрлаж, илж зөөлрүүлдэг юм байна. Хайрлах тусам хурдалдаг юм байна. Бид алсын зайн маршийн үеэр энэ л зарчмаар нь илж, хайрлаж барианд орж ирсэн. Бидний унасан морьдын нэг нь ч ядраагүй шүү. Монголчууд яахын аргагүй морьтон ард түмэн юм” гэж  гайхширан өгүүллээ.

Гутгаар байрт орсон Киргизстаны  тамирчин Тагаев Айбек “Адууны асар их соёлтой Монгол Улсад хүч чадал, авхаалж самбаагаа сорьсондоо баяртай байна. Манай хоёр улс цаг агаарын хувьд ойролцоо болохоор хүндрэл  бэрхшээл гарсангүй. Монгол морь, монгол хөвгүүд тэсвэр хатуужилтай, эр зоригтой, дайчин, хатуу чанга,  хамгийн шилдэг нь юм байна” гэсэн бол Монголын багийн ахлагч, дэслэгч Т.Түмэнцэнд: “Монголын тасаг бүрэлдэхүүн амжилттай өрсөлдөж тэргүүн байр эзэлсэнд баяртай байна. Мөн тэргүүн байр эзлэхэд гол хөшүүрэг болсон дасгалжуулагч болон багш нар, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах хорооны бүх гишүүн, арын албаны хүмүүст баярлаж, талархсанаа илэрхийлье” гэв. Морьтон баатруудын үр удам болж төрснөөрөө бахархаж омогшиж байна. Бүх л багууд хүчтэй өрсөлдөгчид байлаа. Хожмын нэг өдөр өөрөөрөө болон монгол мориороо бахархан ярих сайхан түүх бүтээлцсэндээ баяртай байна” гэж бахархан өгүүлэв. 

Тус уралдааны  ажиглагчаар оролцож байгаа Зимбабве улсын Зэвсэгт хүчний Морьт хорооны захирагч хурандаа Киростофер Муфатай “Энэхүү уралдаан олон улсын түвшинд өндөр зэрэглэлийн болж өнгөрлөө. Зимбабве нь Английн колони байсан улс. Англичууд морьт цэрэгтэй ирж, манай улсыг эзэлж байсан түүхтэй. Харин 1980 онд Зимбабве тусгаар тогтнолоо зарласнаас хойш англичуудаас орж ирсэн морьт цэргийг үргэлжлүүлэн авч үлдсэн. Манай улсын зэвсэгт хүчин адууг үйл ажиллагаандаа их өргөн хэрэглэдэг. Надад таалагдсан өөр нэг зүйл нь соёлын болон танин мэдэхүйн олон зүйлийг мэдэж авсан явдал юм. Манай улсад чөдөр, аргамжаа гэж байдаггүй. Харин Монгол Улсад адууны өв соёл, уналга, хэрэглээтэй холбоотой асар олон зүйл байдаг юм байна.  Манай Зэвсэгт хүчний удирдлагууд уралдаан хэрхэн явагдаж байна гэдгийг судлаад ир гэж явуулсан шийдвэрийг мэдээж би гаргахгүй, албан хаагчдаа оролцуулах гэсэн хүсэл зорилго дүүрэн байна. Хэзээ гэдгийг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан оролцоно”  гэсэн бол  “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ “Цэргийн албан хаагч морьтойгоо гүйцэтгэдэг бүхий л дасгал элемент, саад шалгуурыг гүйцэтгэн өрсөлдлөө.Усан саад гатлах, минэжүүлсэн талбайг аюулгүй болгох, холын зайн марш үйлдэх, хээр хоноглох, шархадсан иргэд болоод сум галт хэрэгслийг зөөвөрлөх гээд цэргийн хүн л биелүүлж болох ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьсон тэмцээн боллоо. Энэ уралдаанд ялагдагч гэж байхгүй. Монгол морь л яллаа” гэж хэлэв.  Морьтон дайчдын эрэмгий чанар, эрч хүчийг харуулсан үзүүлбэр, дайчин хэмнэлт хөгжмийн уухай, зөөлөн борооны товшоо, эрмэг залуухан цэргүүдийн алхаа, морьдын хөлс, бүрээ бөмбөрийн нижигнээн, яруу алдрыг бахдан дуулсан цэрэг эрсийн дуунууд,  хүлэг морины туурайнд наалдсан эх орны ариун шороо, “Хардэл бэйсийн унага” найрал дуутай  хослон, “Адуучин залуус” бүжгийн хэмнэлтэй хоршин Эзэн Чингисийн өлгий нутгаас, талын морьтны халуун цуснаас  “Аравт” –ын алтан туурай  зүг зүгийн хөвгүүдийн зүрхэнд тамгалагдаж,  уухайн дуу нь улс улсын  энтээ рүү дуурьсан түгэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(122.201.22.131) 2019 оны 08 сарын 17

ГАЙХАЛТАЙ

0  |  0
Top