Бан Ги Мүн Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Гадаад харилцааны яамны зүгээс форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачилгыг дэмжиж, энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институт, Хөрөнгө оруулалтын судалгааны төв, “Эрдэнэс Монгол” ХХК, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөл, Далайд гарцгүй орнуудын судалгааны төв зэрэг байгууллагатай хамтран бэлтгэл хангаж байна.

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болно. Мөн бизнес эрхлэгчдийн уулзалт, Улаанбаатар хотын нэрэмжит хүлээн авалт, Бэсрэг наадам, Монголын аж ахуйн нэгжүүдээр зочлох зэрэг арга хэмжээг зохион байгуулан Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх боломж, Монголын түүх, соёлын уламжлалын талаар гаднын зочид төлөөлөгчдөд танилцуулна.

Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан,  Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана зэрэг өндөр албаны хүмүүс оролцож үг хэлэх аж. Түүнчлэн Монголын бизнес зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл 250 орчим хүн оролцохоор болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top