Т.Лхагвасүмбэрэл агсны амийг хохироосон хэргийг сэргээн шалгах асуудлаар ҮАБЗ-д хандлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хайрлан, хамгаалаад зогсохгүй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших  Тост, Тосон бумбын бүс нутагт байгаа ан амьтныг судлах, хамгаалах чиглэлээр санал санаачилга, идэвх зүтгэл гарган ажиллаж байсан биологич, ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэрэг, түүний бодож, төлөвлөж байсан зорилго нь биеллээ олсоор байна. Тодруулбал, хоёр хоногийн өмнө Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Гэвч Т.Лхагвасүмбэрэл агсан учир битүүлгээр амиа алдаад олон жил өнгөрсөн ч хуулийн байгууллага үхлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа билээ. Иймд Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах санаачилга гарган тэмцсэн төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнийхөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүсэлт гаргасан байна. Т.Лхагвасүмбэрэл агсны учир битүүлэг үхлийн шалтгааныг тогтоох, хэргийг сэргээн, тусгай Ажлын хэсэг томилон ажиллуулахыг хүсжээ.

Төрийн бус байгууллагуудаас Монгол Улсын ҮАБЗ-д хүргүүлсэн хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД   

2019.08.14         Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдан, баталгаажсан хүний амьд явах эрх зөрчигдөж, иргэний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалж, нийгэмд шударга ёсыг хангах явдал алдагдаж үүнд нь цагдаа, прокурор, шүүхийн байгууллага санаатай, санамсаргүй байдлаар татагдан орж байгаад гүнээ харамсаж дараах тодорхой асуудлаар мэдээлэл хүргүүлж, үүссэн нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ үү хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүсэлт гаргаж байна. 

Олон нийтийн дунд “ирвэс хамгаалагч залуу” гэдгээрээ танил болсон биологич Т.Лхагвасүмбэрэл харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Нийслэлд байдаг гэрээсээ гараад сураггүй алга болсон түүнийг зургаа хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живсэн байдалтайгаар амиа алдсаныг олж, хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Т.Лхагвасүмбэрэл нь “амиа хорлосон” гэх үндэслэлээр хэргийг хаасан билээ.

 Т.Лхагвасүмбэрэл нь 1988 онд Архангай аймагт төрсөн, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амьдарч, 2006 онд арван жилийн сургуулиа төгсөж бүрэн дунд боловсрол, 2010 онд МУИС-ийн биологийн ангийг төгсөн дээд боловсрол эзэмшиж, биологич мэргэжилтэй болж, улмаар “Ирвэс хамгаалах сан”-д ажиллан, Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны цоохор ирвэсийн урт хугацааны судалгааны төвийн менежерээр ажиллаж дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг төдийгүй Тост, Тосон бумбын бүс нутагт байгаа ан амьтныг судлах, хамгаалах чиглэлээр санал санаачилга, идэвх зүтгэл гарган ажиллаж байсныг өнөөдөр хүн бүхэн мэддэг, бахархан дурсдаг болжээ.

Тэрээр энэ ажлынхаа зэрэгцээгээр ирвэс, малчдын хооронд үүссэн асуудлыг мэргэжлийн биологич хүний төдийгүй малч удамтай монгол хүний ухаанаар анзааран, зохицуулах ингэхдээ ховордсон ан амьтны байршил бүхий нутаг оронд байгаа хүн, малыг зэрлэг ан амьтны халдлагаас хамгаалах, тэдгээрийн хоорондын зохицлыг олох арга замыг эрэлхийлж, зохицуулан, өөрийн санаачилгаар нутгийн иргэдэд байгаль орчны  боловсрол олгох, нутаг усаа хамгаалах ажлуудыг хийж, хэрэгжүүлж байсан нь 27 настай залуу хүнд ахадсан гэмээр их ачааг өөртөө үүрч, хариуцлага хүлээж явсан байдаг.

Тост, Тосон бумбын бүс нутаг дахь ховор ан, амьтныг хамгаалах түүний ажил тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай өөрийн эрхгүй зөрчилдөх болжээ. Учир нь УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авахаар  шийдвэрлэсэн дээрх бүс нутгийн зарим хэсгийг ЗГ-ын шийдвэрээр тусгай хамгаалалтын бүсээс гаргаж шийдвэрлэсэн нь Тост, Тосон бумба орчимд уул, уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа идэвхжин энэ бус нутагт амьдардаг ховордсон ан амьтан ус, бэлчээргүй болж, дайжих, устан мөхөхөд хүргэж болзошгүй байдалд оруулсан нь бодит үнэн билээ. Энэ асуудалтай нутгийн иргэд, Ирвэс хамгаалах сан, түүний дотор тус сангийн менежер Т.Лхагвасүмбэрэл агсан эрс шийдэмгий тэмцэж байсны хүчинд тухайн үед олгогдсон байсан 22 тусгай зөвшөөрлийг 18 болгосон байдаг.

Тост, Тосон бумбын нуруу орчмын бүс нутгийг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтэй байсан нь түүний амьд ахуйдаа телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн биеэр илэрхийлж байсан үг, үзэл бодлоос нь тодорхой харагдаж, баримт болон үлджээ. Энэ байдал нь Тост, Тосон бумбын нуруу орчмын бүс нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигчид, уул, уурхай эрхлэгчдийн  эрх ашигтай нийцээгүй учраас түүний амь насыг санаатай бүрэлгэсэн гэж үзэж байна.

Түүнийг амь насаа алдахаас өмнөхөн буюу 2015 оны 01 сарын 7-ны орой Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үл таних этгээдүүд түүнд хүч хэрэглэн машинд суулган авч явж уул уурхайн чиглэлээр баримталж байгаа үзэл бодлынх нь төлөө дарамтлан сүрдүүлж байсан боловч цагдаагийн байгууллага “хохирол учраагүй” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан, 2015 оны 04 сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост багийн нутаг Хүрэн даваа гэдэг газар судалгааны ажлаар мотоциклтэй явж байхад нь үл таних хүмүүс гарч ирж, түүнд халдан хэвлий тус газар нь хутгалан хүнд гэмтээсэн гэмт хэрэг гарсан боловч цагдаагийн байгууллага “хэргийн газарт ул мөр үлдээгүй” гэх шалтгаанаар хэргийг хаасан байдаг. Хууль, цагдаагийн байгууллага үл тоомсорлох тусам хууль зөрчигчдийн үйлдэл харгис балмад болж, эцэс сүүлд нь түүний амь насыг бүрэлгэхэд хүргэлээ. Гэж бид үзэж байна.

Энэ асуудлын үнэн мөнийг олуулахаар талий­гаачийн ар гэрийнхэн болон түүний хамтран зүтгэгчид, олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлэгийн 29 судлаач, иргэд олон нийт холбогдох хууль хяналтын байгууллагууд,тухайн үеийн эрх баригчдад удаа дараа хандсан боловч асуудлыг анхаарч, ул суурьтай судалж шалгасан зүйл байхгүй байна.

Тухайн үед Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсан хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж байсан ба урьд өмнө Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт үл таних хоёр хүн халдаж хутгалан хүнд гэмтэл учруулсан хэргийг нэгтгэн Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан Ажлын хэсэг гарч Хөвсгөл, Өмнөговь аймагт ажиллаж, өргөн хүрээнд шалгалтыг явуулж байгаа гэж мэдэгдэж байсан боловч эцсийн дүндээ тухайн үеийн эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл буюу амиа хорлоход хүргэх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар амиа хорлоход хүргэсэн гаднын шалтгаан, хүчин зүйл байхгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Ядаж хохирогч залуугийн урьд өмнө олон удаагийн халдлагад өртөж, хүнд гэмтэл авч байсан тодорхой баримт нотолгоотой асуудлаас нэгийг нь ч илрүүлж учир шалтгааныг тогтоон эзэн холбогдогчийг олох арга хэмжээ авсангүй.

Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүх Монголын Хуульч­дын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Ц.Баасандоржийг өмгөөлөгчөөр авч ажиллуулсан бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож, болсон хэрэг явдал, үйл баримттай танилцаж, энэ асуудлын талаар хамгийн үнэн бодит мэдээлэлтэй байсан хүний хувьд үзэл бодлоо удаа дараа олон нийтэд илэрхийлсэн байдаг. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн хувьд хуульч хүний хувьд хэлсэн зүйл нь “энэ хэрэг гаднын нөлөөтэй, хүний амь насыг санаатай бүрэлгэх гэмт хэрэг гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд, хуулийн байгууллага хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох хүсэл эрмэлзэлгүй байгаа”-г ил тод зарласан бөгөөд, түүнийг хохирогчийн ар гэрт хууль зүйн туслал­цаа үзүүлэн ажилласаны төлөө тодорхой хэсэг бүлгийн зүгээс зохион байгуулалттайгаар дарамталж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төр алдар хүндийг нь гутаан доромжлох явдал хэрээс хэтэрч байгаа учир арга буюу өмгөөллийн үйл ажиллагаагаа зогсоосон байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга 2017 онд орон нутагт ажиллаж байх үедээ иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс энэ хэргийн талаар асуусан асуултад хариулахдаа энэ хэрэг тодорхой эзэн холбогдогчтой, гэмт хэрэг гэж үзэж байгаагаа товч тодорхой хэлсэн байдаг бөгөөд эрхэм Ерөнхийлөгч таны энэ үг, үзэл бодол хэвээр байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаа­чилга”ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ болон Өмнөговь аймгийн иргэд бид бүхэн  Тост, тосон бумбын нуруу орчмын бүс нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигчид, уул, уурхай эрхлэгчдийн  хууль бус үйл ажиллагаатай тэмцэж уул, ус, ховордсон ан амьтан, ургамлаа хамгаалан үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцсэн. Газар ухаж, мөнгө олж байвал нутаг ус, байгаль орчин сүйдэх, амьтан ургамал устаж үгүй болох нь огт хамаагүй болж, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон хэсэг бүлэг этгээдүүдтэй хийж байгаа бидний тэмцэл амаргүй бөгөөд хүч тэнцвэргүй байгааг ойлгосон. Нутаг ус, эх орон, байгаль дэлхийнхээ төлөө гэсэн бидний  тэмцлийг ойлгож, эгзэгтэй үед, эх орон ард түмнээ гэсэн эрс шийдэмгий шийдвэр гаргаж энэ улс эзэнтэй, хууль журам хэрэгждэг, шударга ёс байдаг гэдгийг ойлгуулж, чадсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гүнээ талархаж байна. Бид олуулаа нийлээд тэмцээд хүч мөхөстөж байхад байгаль дэлхий эх орноо гэсэн сэтгэлтэй тэр залуу яаж ганцаардаж, ямар их дарамтад байсан бэ гэдгийг үнэхээр ойлгон мэдэрч байна. Тийм ч учраас өнгө, мөнгө эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй болсон олигархи бүлэглэлийн гарт ирвэс хамгаалагч  Т.Лхагвасүмбэрэл хүү амь насаа алджээ гэдэгт эргэлзэх зүйлгүй боллоо.

Иймд Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсан хэргийн учир шалтгааныг бодитойгоор тогтоон, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэн, эх орон нутаг усныхаа төлөө явахад иргэнээ төр нь хамгаалдаг, энэ улсад хууль журам, шударга ёс хэрэгждэг гэдгийг баталж, олон нийтийн дунд үүссэн эргэлзээ, сэжиг таамгийг нэг мөр болгон шийдвэрлэж, идэр есийн хүйтэнд элгэн хаданд мөс тэврэн  хүргэж цангааг нь тайлж байсан ан амьтан, хэвлийг нь ухаж элгийг нь базалж байсан харь сэтгэлтэй чулуун зүрхтнүүдээс хамгаалж явсан уул усных нь эзэн, лус савдгийн өмнө үлдсэн бид нүгэлгүй, Монголын төр өргүй үлдэх учиртайг санаж сэрэн, асуудлын хуулийг дагуу шийдвэрлэхэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс өөрийн эрх хэмжээний хүрээнд санал санаачилга гарган ажиллаж, дараах арга хэмжээ авч өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1.1, 19 дүгээр зүйлийн 1, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3, 3.4.7, 3.4.8, 6.3, 7.2, 10, 11, 12, 13, 14 дүгээр зүйл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 4.1, 6.6, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.1, 1.2.2, 1.2.3, 3.1.2.5, 3.1.3.1, 3.2, 3.3.4.2, 3.5, 3.5.1, 3.5.2, 3.5.3, 3.5.4 болон “3.4. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.” хэмээн заасныг үндэслэн Эх орон, газар нутгийнхаа төлөө амь бие хайргүй тэмцэж явсан Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл агсны алтан амийг хохироосон хэргийг сэргээн, тусгай Ажлын хэсэг томилон, түүнийг амьд ахуйд удаа дараа бие, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь  халдан, дарамталж байсан гэмт хэргүүд болон хожим амь насанд нь халдсан гэмт хэргийг үйлдсэн эзэн холбогдогчдыг олж илрүүлэн, шалтгаан нөхцөлийг үнэн бодитойгоор тогтоон, гэм буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг түүний гэгээн үйлсийг үргэлжлүүлэгч түмэн олноо төлөөлөн хүсэж байна. 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1.2, 19 дүгээр зүйлийн 1, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3, 3.4.7, 3.4.8, 3.4.9, 6.3, 7.1, 7.2, 10, 11, 12, 13, 14 дүгээр зүйл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 4.1, 4.4, 6.6, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.1, 1.2.2, 1.2.3, 3.1.2.5, 3.1.2.7, 3.1.3.1, 3.3.4.2, 3.4 болон 3.2.Эдийн засгийн аюулгүй байдал: байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн. Ил тод, хариуцлагатай уул уурхай, байгаль орчныг доройтуулахаас сэргийлнэ.”, “3.5.Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал: Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдолоос сэргийлэх, орчны бохирдол бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн.”, “3.5.1.Усны нөө­цийн хомсдолоос сэргийлэх, 3.5.2.Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын үр дагаврыг бууруулах, 3.5.3.Биологийн олон янз байдлыг хадгалах, нөөцийн хомсдолоос сэргийлэх”, “3.5.4.Хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулах: Бохирдуулагч нь төлбөр төлөх, учруулсан хохирлоо барагдуулах хариуцлага хүлээх механизмыг хэрэгжүүлж, байгальд халтай, хаягдал ихтэй техник, технологийг хориглох”. тухай заалтуудад нийцүүлэн Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж байгаа уул уурхайн бодлогыг эрс өөрчлөн шинэчлэх, түүний дотор стратегийн ач холбогдол бүхий орд газрын талаарх бодлого, шийдвэрүүдийг хуульд нийцүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг монгол хүн бүр тэгш хүртэх нөхцөлийг бүрдүүлэхэд  чиг­­лэсэн тодорхой зөвлөмж гаргахыг хүсэлт болгож байна. 

 

“БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГОВИЙН ИРГЭДИЙН САНААЧИЛГА” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮН       

Х.МАНДАХБАЯР

“ЭРС ШИНЭЧЛЭЛ ХӨДӨЛГӨӨН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮН

 Д.ЭНХБАТ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫН

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ     

 Б.ДЭЖИД

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(202.21.97.90) 2023 оны 04 сарын 19

энэ хүүгийн үхэлд уих ийн үдүүн гишүүн холбоотой гэж баахан шуугисандаа

0  |  0
уншигч(66.181.181.75) 2019 оны 09 сарын 14

дэмжиж байна

1  |  0
уншигч(66.181.181.75) 2019 оны 09 сарын 14

хүрэлсүх сайн байна одоо хүүгийн алуурчинг олоход анхаарах хэрэгтэй

0  |  0
уншигч(66.181.181.75) 2019 оны 09 сарын 14

муухай алуцурчинг ямар ч хамаагүй аргаар олж шийтгэ

0  |  0
уншигч(66.181.181.75) 2019 оны 09 сарын 14

энэ муу хүүг бодохоор нулимас гарах гээд байдаг юм эх хүн бүр өр нь өмөрч байгаа даанч яав даа хүмүүс минь яахаараа ийм чөтгөр зантай болдог юм бэ хүий аминаас илүү үнэтэй юм байдаг юм уу нүгнэлтэй чаралбаанууд юм аа бүү үзэгд

0  |  0
зочин(66.181.181.75) 2019 оны 09 сарын 14

хүний нялх үрийг хороочихоод нойр нь хүрч байгаа юм баых даа даанч муухай хайран залууу

0  |  0
Дэмжигч (103.212.116.61) 2019 оны 09 сарын 14

Хөөрхий муу залуу эх орноо гэсэн халуун сэтгэлээсээ болж уул уурхайн эздийн захиалгаар амиа алдсан нь тодорхой юм биш үү. Мөнгө олохын төлөө ямар их улайрч дайрдаг болсон юм бэ? Энэ Тост Тосон бумбын дархан цаазтай газрыг амиа өгсөн хүүгийн нэрэмжит болгоосой. Дэмжиж өгнө үү.

1  |  0
Эмгэн(122.201.24.119) 2019 оны 08 сарын 16

Нээрэн монголын төр тэр залууг хорвоог орхиход таг чиг л бсан. Тэгэхээр монголын төр олгархижсан гэдэг нь үнэн. Тэр үед засаг төр нь өөрсдөө уул уурхайгаа ухаад эхэлчихсэн 30 гэр бүлийг нэрлэдэг. Одоо ч энэ нь хэвээр байгааг харуулж бна. Байгаль хамгаалагч залуугийн үхэл нь олгархиудтай холбоотой нь улам бүр тодсоор бна бус уу? Сэтгүүлч залуугийн үйлдэл ямар их дарамт шахалттай байсныг илчилсэн. МАНАН гэдэг чинь энэ шүү дээ. АН-аас олон хүн гарсан. АН-ын удирдлагууд нь бас л олгархи бүлэглэлтэй нийлээд юун ардчилал энэ тэр вэ. Суурьгүй тавьтгүй АН болж хувирсан.

0  |  0
husee(66.181.161.60) 2019 оны 08 сарын 16

demjij bn mash zuv

0  |  0
Мандахбаяр(202.131.242.254) 2019 оны 09 сарын 14

бараг тодорхой биз дээ. эхлээд биед нь халдаж айлгаад дараань хөнөөсөн гэдэг бол хөдлөшгүй нотолгоо. хэрэг гардан хийсэн болон захиалга өгсөн цаад эзэн нь одоо байж л байгаа. хуулийхан энэ дээр ёстой хөдлөөгүй шүү. эхний халдлага үйлдсэн хөхөдүүдийг шууд баривчилаад мөрдөн байцааалт хийгээд л илрчих юм шиг харагдаад л байгаа. захиалга өгч байгаа томыг нь барих нь чухал шүү.

2  |  0
хааөөб(43.228.130.68) 2019 оны 09 сарын 14

Энэ тодорхой хэрэг шүү дээ... Хэн алсаныг нь олох хэрэгтэй дэмжиж байна

1  |  0
hh(64.119.22.219) 2019 оны 08 сарын 16

hairan saihan hvv..daanchdee

0  |  0
уншаад төрсөн таамаг(64.119.23.33) 2019 оны 08 сарын 16

хэрэг үйлдэхэд цагдаа оролцсон юм байна.

0  |  0
ЗОЧИН(66.181.177.138) 2019 оны 08 сарын 16

Дэмжиж байна.

0  |  0
Top