М.Хадбаатар: Бидний ажил итгэлцэл дээр тогтдог 

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарын "Брэнд" буланд мөрөөдлийг цогцлоогч "Dream furniture" тавилгын үйлдвэрийг онцолж, тус компанийн үүсгэн байгуулагч М.Хадбаатарыг урилаа. Үндэсний шинэ брэндийг бий болгох замаа юунаас эхэлж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ байнгын үйлчлүүлэгчидтэй болж чадсан түүхээс нь бидний яриа эхэлсэн юм.


-Залуус ихэнхдээ хоёр бодолтой байдаг. Би мөнгөтэй бол тэр бизнесийг эхлүүлнэ гэсэн нэг хэсэг байхад, юунаас эхлэхээ аль эрт шийдчихсэн хүмүүс ч байна?

-Би шийдчихсэн байсан нь л даа. Ажиллаж байх хугацаандаа багагүй туршлага ч хуримтлуулсан. Мэдээж ажлын талбарт бие даагаад гарахад мөнгөний асуудал тулгарна. Ёстой л бор зүрхээрээ, зүтгэсэн. Зар тавиад, айл бүрт өөрөө очиж захиалга авна. Захиалагчийнхаа яг хүссэнээр өөрийн гараар хурдан шуурхай гүйцэтгэж явсаар анхны хөрөнгөө босгож байсан. Нэг найз маань ажлыг минь дэмжиж хөрөнгө оруулалт ч хийсэн. Ингэснээр өнөөдөр манай компани тавилгын салбарт өөрийн гэсэн орон зайгаа олчихсон, манайхыг гэдэг захиалагчидтай болчихсон, үйл ажиллагаа явуулах үйлдвэрээ барьчихсан байна. Ирэх есдүгээр сард дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа.

-Анхлан эхлэгчид бизнесээ ихэвчлэн зээлээр эхэлдэг шүү дээ. Та ямар ч зээл авч байсангүй юу?

-Хүмүүс ихэвчлэн зээлээр эхэлдэг нь үнэн л дээ. Гэхдээ зээл гэдэг чинь сэтгэл санаанд маш их цөвтэй. Өдөр бүр зээлээ яаж төлнө өө гэж толгойгоо гашилгах хэрэг гарна. Тиймээс миний хувьд өөрт байгаа нөхцөл боломж, багахан мөнгөндөө тулгуурлан эхлэх боломжийг хайсан. Санхүүгийн сахилга бат ч сайн байсан. Эхний нэг жилд авах ёстой тоног төхөөрөмжөө цуглуулахын сацуу бүтээгдэхүүнээ ч хийж байсан.

-Хамгийн анхны захиалга юу байв?

-"Х аппартмэнт" залуусын хороололд ажилладаг маркетингийн менежер найзынхаа тусламжаар анхныхаа захиалгыг авч байсан. 6 метр гаруй урттай ханы стенк хийж байлаа. Түүнээсээ их урам авсан.

-Хүмүүсээс талархал хүлээж, хийж бүтээснээ хараад бахдаж суух яахын аргагүй их урам өгдөг шүү?

-Бидний хийж байгаа ажил компанийн маань ирээдүйтэй, нэр хүндтэй холбоотой учраас бидэнд алдах эрх байхгүй. Тиймдээ ч үйлчлүүлэгчиддээ 100 хувь сэтгэл ханамж өгөхийг хүсдэг. Зүгээр л мөнгийг нь аваад явчих биш тэр хүн надад ахиад үйлчлүүлэгч олж өгөх учраас бид сэтгэл ханамжийг илүү чухалчихдаг.

-Модон эдлэл үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт саяхан Улаанбаатар хотод боллоо. Тус зөвлөгөөн дээр Монголд модон эдлэлийн үйлдвэрлэл хөгжих боломж байна. Гагцхүү боломж байсаар байтал гаднаас яагаад элдэв тавилгуудыг оруулж ирээд байдаг юм бэ. Төр засаг үүн дээр яагаад анхаарахгүй байна вэ гэх асуудлуудыг хөндөж байсан?

-Тиймээ манай улсад тавилгын үйлдвэрлэл хөгжих боломж өндөр. Барилгын бизнес цэцэглэн хөгжиж байгаа өнөө үед түүнийг дагаад тавилгын үйлдвэрлэл хөгжих маш их боломж бий. Тиймдээ ч сүүлийн үед тавилга үйлдвэрлэх нь талх үйлдвэрлэхтэй ижил хэрэгцээ шаардлагатай болчихоод байна. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн бодлого алга. Ингэхээр бид өөрсдөө хичээхээс өөр аргагүй болж байгаа юм.

-Гаднаас орж ирж буй импортын тавилгууд маш үнэтэй байдаг. Манайхан европ брэнд, итали чанар гээд тэдэн рүү их хошуурна. Тэдгээр нь монгол тавилгаас юугаараа давуу болоод манайхан хошуураад байна вэ?

-Ялгаа байлгүй яахав. Ядахнаа л гадныханы бүтээгдэхүүнээ хийж байгаа техник технологи нь дэвшилтэт, дэлхийн хэмжээнийх байна. Харин манайд тэр боломжийг бид өөрсдөө л буй болгоно. Хажуугаар нь үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихгүй байна шүү дээ. Хэрэглэгчид маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа юм.

-Улс орны нөхцөл байдал, хэрэглэгчдийн хандлага нэг иймэрхүү үед залуу хүн бие дааж үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг их зориг шаардсан ажил байх?

-Тиймээ. Би өмнө нь нэг барилгын компанид дөрвөн жил мужаанаар ажиллаж байсан. Тус газраа идэвх санаачлагатай ажиллаж, мэргэжлээрээ ахиж дэвшиж, тушаал дэвшинэ гэж боддог байлаа. Гэхдээ "өөрөө л тусдаа гарч, хүсэл мөрөөдөлдөө хүрье" гэж бодсон. Тиймдээ ч өөрөө зориглоод хийж эхэлсэн дээ.

-Үндэсний үйлдвэрлэгч компаниудын хөгжилд монголын бизнесийн нөхцөл байдал уяа тушаа болж байна уу?

-Одоохондоо тийм зүйл болоогүй байна. Ер нь манайхан бусдын амнаас сонсоод их айдаст автчихдаг юм шиг санагддаг. Миний хувьд найз нөхдийнхөө тусламж дэмжлэгээр нэгэнт л зориглоод эхэлсэн ажлаа аваад явна л гэж боддог.

-Хичнээн ажилтантай вэ?

-Манайх 10 гаруй ажилчинтай. Хамгийн гол нь чадвартай, чанартай юм хийдэг цөөн хүн байх нь зүгээр санагддаг. Нэг ажилтны ард 2-3 хүн байдаг. Тиймдээ ч би тэр хүмүүсийг ажилчдынхаа тоонд оруулж авч үздэг. Би гэр бүлд чинь анхаарлаа хандуулья хамгийн гол нь чи миний ажлыг сэтгэлээсээ, итгэл алдалгүй хийх ёстой гэх шаардлага тавьдаг.

-Ер нь танай компанийн бусдаас ялгарах гол давуу тал нь юу юм бэ?

-Үйлчлүүлэгчийн хүссэнийг өөрийнх нь хүсэлт дээр тулгуурлан хийх. Тухайн хэрэглэгч миний санал болгосныг биш өөрийнхөө хүссэнийг гэртээ бий болгох юм. Манайхтай хамтран ажилласан хүмүүсийн ойр хавиас дор хаяж 4-5 айл дахин захиалга өгдөг. Тэгэхээр бусдын сэтгэлд хүрсэн сайн бүтээгдэхүүн хийж байна гэж бодож байгаа.

Манай уриа "Хямдралын эсрэг хямд үнэ". Хамгийн гол нь чанарыг эрхэмлэнэ.

-Хямд зүйл чанартай байх боломжтой юу. Манайхны дунд эсрэг ойлголт маш их байдаг?

-Боломжтой байлгүй яахав. Хамгийн гол нь ажилчдын маань цалин амьдралд нь хүрдэг байх ёстой, хийж байгаа зүйл маань чанартай байх ёстой гэж боддог.

-Ер нь иргэд та нараас юу хүсч байна вэ?

-Чанар, хямд үнэ. Хамаг байдгаа шавхаад ипотекийн зээлэнд хамрагдсан хүмүүст үнэтэй тавилга аваад байх боломж байхгүй. Тэгээд тавилгатай болмоор байна гээд бидэнд ханддаг. Бид ч уян хатан байхыг хичээдэг. Танайх байрандаа сард хэдийг өгч байна, урьдчилгаа цөөхөн хэдэн төгрөг төлөөд тавилгаа захиалчих, үлдсэнээ хэдэн сард хуваагаад лизингээр ав гэдэг. Ингэхдээ банкаар дамжихгүй шууд манай хувь лизингээр авах боломжийг олгодог.

-Хувь лизинг гэхээр эрсдэл өндөртэй биш үү?

-Одоохондоо миний сэтгэл рүү ус цацсан зүйл алга. Мэдээж тодорхой хэмжээний гэрээ байгуулна. Нөхцөлүүдийг тавина.

-Компани бүрт алсын хараа гэж бий. Таван жилийн дараах танай байгууллагын тухай төсөөлбөл?

-Ирээдүйгээ их томоор харж байгаа. Тавилга үйлдвэрлэгч томоохон компаниудын топ 3-т багтдаг болох зорилго байна. Гэхдээ томорч тодрохоос илүү бусдад таалагдсан загвар л хийх ёстой гэж боддог доо.

-Тэгвэл ойрын зорилт юу байна?

-Ажилчдаа байртай болгох л зорилго байна. Ер нь би өөрсдөд хэрэгтэй тавилгаа ажлын бус цагаар хийгээд аваарай гэдэг. Тэд надад итгэж байхад би итгэх ёстой. Бидний ажил итгэлцэл дээр тогтох ёстой гэж би боддог.

-Одоогоор захиалгаар бүтээгдэхүүн хийж байна. Хэзээнээс өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэх вэ?

-2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна даа.

-Брэнд буланд онцлогдож байгаагийн хувьд асуухгүй байж болохгүй. Таны хувьд брэнд гэж юу юм бэ?

-Чанартай, хүний сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн хийх юм уу даа.

Ярилцсан: О.ШИНЭТУЯА

"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарт нийтлэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top