НҮБ-д олон шинэчлэлт хийсэн БАН ГИ МҮН

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал энэ сарын 20-нд болох гэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн өчигдөр манай улсад ирлээ. Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Энэхүү чуулга уулзалт нь бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог. Форумын бага хурлыг Монголд анх удаагаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд дөхөм үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн зэрэг өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно. Бан Ги Мүн өмнө нь 2009 оны долоодугаар сард Монгол Улсад ирж байсан юм.

Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж байгаа цэргүүдтэй уулзаж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ардчиллыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө гаргаж байгаа хүчин чармайлт, авлигын эсрэг хийж буй тэмцэл зэргийг нь өндрөөр үнэлж байв.

 

НҮБ-Д ОЛОН ЧУХАЛ ШИНЭЧЛЭЛТ ХИЙСЭН

Бан Ги Мүн 1944 оны зургаадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө мэргэжлийн дипломатч байсан. БНСУ-ын Гадаад харилцаа, гадаад худалдааны яаманд ажиллаж байв. Тэрбээр 2004 оны нэгдүгээр сараас 2006 оны арван хоёрдугаар сар хүртэл тус яамны сайдаар ажиллаж байв.

2006 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнийг тус байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм. 2011 онд түүнийг дахин таван жилийн хугацаатайгаар батлав. Тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах, үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр олон чухал шинэчлэлтийг хийжээ.

Мөн дэлхийн дулаарлын асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширыг Суданд энхийг сахиулах цэргүүд нэвтрэхийг зөвшөөрөхийг ятгасан.

 

ЗУРГААН НАСТАЙДАА ДАЙНААС ЗУГТАВ

Бан Ги Мүний аав агуулахын бизнес эрхэлдэг байсан ч удалгүй дампуурч, амьдралын түвшин нь огцом унажээ. Хүүг зургаан настай байхад түүний гэр бүл Солонгосын дайнаас зугтаж, тус улсын алслагдсан нутагт очсон аж. Бан Ги Мүн ахлах сургуульд байхдаа англи хэлдээ маш сайн байжээ. Нутгийн оршин суугчдын ярьснаар тэрбээр үйлдвэрт ажилладаг Америкийн зөвлөхүүдтэй хамт англи хэлний дадлага хийхийн тулд 10 км замыг туулдаг байж. Бан Ги Мүн 1962 онд Улаан загалмайн нийгэмлэгийн зохион байгуулсан сургуулийн уралдаанд түрүүлж, АНУ-ын Сан-Францискод хэдэн сар амьдарчээ. Энэхүү аяллын үеэр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедитэй уулзсанаар 18 настайдаа дипломатч болохоор шийдсэн гэдэг. Ирээдүйн карьерынх нь талаар сэтгүүлчид түүнээс асуухад Бан Ги Мүн эргэлзэлгүйгээр “Би дипломат болохыг хүсч байна” гэж хариулсан байна.

Бан Ги Мүн 1970 онд Сөүлийн үндэсний их сургуульд бакалаврын зэрэгтэй болжээ.

Дараа нь тэр Харвардад суралцав. 2009 онд Бан Ги Мүн Мальтагийн болон Вашингтоны их сургуулийн хүндэт доктор цол хүртжээ. Тэрбээр солонгос хэлээс гадна англи, франц, японоор ярьдаг.

 

БАН ГИ МҮН АЖИЛДАА ХЭЗЭЭ Ч ХОЦОРДОГГҮЙ

Түүнийг хамт ажиллагсад нь хүн чанартай, сэтгэл татам хүн гэж дүгнэдэг. Өөрийнх нь хэлснээр тэр таван цаг унтдаг бөгөөд ажилдаа хэзээ ч хоцордоггүй. Түүний цорын ганц хобби нь гольф аж. Гэхдээ жилд хэдхэн удаа л гольф тоглодог.

Ирээдүйн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эцэг эх тийм баян хүмүүс байгаагүй ч хүүдээ сайн боловсрол эзэмшүүлжээ. Тэр айлын дөрөв дэх хүүхэд.

Хувийн амьдрал

Бан Ги Мүний хувийн амьдралаас илүү улс төрийн карьерыг нь хүмүүс сонирхдог. Тэрбээр язгууртан бүсгүй Ю Сун Дэктэй гэрлэсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асных гурван хүүхэдтэй. Нэг хүү, хоёр охины аав юм.

Чөлөөт цагаараа дипломатч тулааны урлаг сонирхож, нэгдсэн Солонгос улсын сүүлчийн эзэнт гүрний үеийн шүлгүүд бүхий хуучин номуудыг цуглуулдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top