Дэлхийн түүхийг бичилцсэн монголчууд түүхээ нэг мөр болгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Ардчилсан чөлөөт нийгэмд шилжсэн цагаас хойш монголчууд бидний түүх үнэн бодитоор ил болж эхэлсэн ч нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй өнөөдөртэй золгов. Түүхэн зохиол төдийгүй түүх зохиогчид ч бий болж улмаар төөрөгдөлд хүрэх зам руугаа нэгэнт орчихлоо. Үүнд голлон нөлөөлж байгаа зүйл бол санаатай санаагүй улс төр. Улс төрийн намуудын нөлөө. Тэдний сонгуулийн ялалтын төлөөх кампанит ажлын хөлд ч түүх олонтаа гуйваж байгааг нуух хэрэггүй.

Монголын эртний түүхийг хураангуйлсан таван ботийг залуу эрдэмтэд бүтээсэн нь түүхэн явдал хэдий ч түүнийг үгүйсгэсэн ном бүтээл хэвлэгдэн гарсаар байгаа нь ч үүний нэгэн гэрч. Бид энэ бурангуй үеийн нөлөөллөөс гарч түүхээ нэг мөр болгохгүй бол ирээдүй хойчдоо асар хортой зүйл үлдээх гэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна үндэстэн бүдгэрэх аюул ч бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж ахуй цагтаа буюу 2010 онд зарлиг гарган Монголын  тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэсэн нь зөв зүйтэй ажлын нэг байв. Үүнээс хойш түүх судлаачдын байр суурь ч энэ тал дээр нэгдсэн. Одоо бид эртний тулгар төрийнхөө түүхэнд тулгуурлан түүхээ нэг мөр болгох шаардлага зүй ёсоор урган гарчээ. Аугаа их түүхтэй Монгол Улсын эрдэмтэн мэргэд, улстөрчид түүхээ гуйвуулж байхад зарим улс орон өөрсөддөө түүх зохион ядаж сууна.  Бидэнд өвлөгдөж үлдсэн эртний их сурвалж бичиг бол алдарт “Монголын нууц товчоо” юм. Энэхүү үнэт сурвалж бичгийг Монгол Улсын түүхийн нэгэн жанжин шугам хэмээн үзэх нэгэн байхад уран зохиол төдийхнөөр үзэх нэгэн ч байгаа нь өнөөх л завхрал юм. Гэтэл бидэнд “Монголын нууц товчоо”-ноос өөр бичигдэж үлдсэн ямар түүх байна вэ гэвэл бас л учир дутагдалтай. Монголын түүхийг устгах оролдлого ч эртнээсээ байсан гэдэг. Социализмын үед хуучнаар ЗХУ ч манай түүхийг зохиолцож байсан нь Монгол Улсын түүхийг устгах гэсэн оролдлого байсан. “Монголын нууц товчоо”-г бодлогоор устгасан гэдгийг түүхчид дуу нэгтэй баталдаг. Гэтэл энэ үнэт сурвалж хятад галигаар бичигдсэн боловч монголоор хүүрнэх “Монголын нууц товчоо” олдож дэлхийд түгсэн нь энэ. Хэрвээ энэ үнэт сурвалж алга болсон бол бид яах вэ гэдэг асуудал ч зүй ёсоор тулгарах байв.

 

“Монголын нууц товчоо”-той дүйж очихуйц нэгэн үнэт сурвалж бол Рашид Ад Диний “Судрын чуулган” юм. Түүхчдийн хэлж байгаагаар дэлхийн түүх болсон энэ ном 1300-аад оны үед бичигдсэн. Энэ түүхийн гол баатрууд нь мэдээжийн хэрэг монголчууд. Дэлхийн түүх бол угтаа монголын түүх гэдгийг үүнээс харж болно. Дэлхийн улс үндэстэн бүхэн түүх, угсаа гарвалаа аль болох эртнийх болгохыг эрмэлзэх төдийгүй хийсвэр түүх ч зохиодог. Ингэж хэт эрмэлзсэнээс болж өөрт байгаагүй түүхийг зохиох, огт өөр үндэстний түүхийг өөрт хамаатуулах зэрэг асуудал гардаг. Харин бидний монголчуудын хувьд түүхэн байр сууриа өсгөх гэж хичээх шаардлага ер үгүй. Түүхчдийн ярьж байгаагаар бол бид өөрийн үндэстний туулж ирсэн түүхийг нэгдсэн байр суурьтайгаар гаргаад тавьчихад л эртний соёл иргэншилт, их улсуудтай мөр зэрэгцэн, ёс хэлэлцэх түүхэн өндөр байр суурьтай гэдгийг хаа хаанаа дуулгаж байхад бид дотооддоо түүхээ нэг мөр болгож чадахгүй суугаа нь харамсалтай. Энэ өндөр байр суурь, түүхэн нэр төрөөрөө орчин цагийн монголчууд бид хангалттай бахархаж, омогшдог. Харамсалтай нь түүхээ хүндэлж, түгээн дэлгэрүүлж, хамгийн гол нь түүнийгээ ойлгож байгаа нь цөөн бөгөөд хэргээр гуйвуулах байдал ажиглагдах боллоо. Социалист нийгмийн үед бодит түүх нэлээд гуйвсан, тухайн цагийн МАХН-ын үзэл суртлын хэмжээнд төдийхөн явж ирсэн түүх 1990 он гарсаар бодитоор бидний дунд бий болсон ч олон ургальч үзэл бүхий нийгэмд маргаан гарах, улмаар олон салаа мөчир бүхий, үзэл бодлын асар зөрүүтэй түүхийг ч гаргаж ирсэн. Энэ байдал нь сүүлийн гучаад жил тасралтгүй үргэлжилж, хүүхэд залуучуудыг төөрөгдөлд орууллаа. Монголчууд зөвхөн Төв Азийн өндөрлөгт амьдарч байсан хүмүүс биш, дэлхийг эзэлж явсан дэлхийн хэмжээний ард түмэн гэдгийг дээрх хоёр үнэт сурвалж хэлж өгдөг. Энэ байгаа газар нутагт, үндэстнийхээ хэмжээнд асар олон жил амьдарсан улс. Хүннүгээс эхлээд л олон төрт улсыг байгуулсан. Ийм учраас дэлхий биднийг өвөг улс гэж ярьж бичдэг тал ч бий. Монголын түүхийг судлахаар дэлхийн түүх гарч ирдэг, дэлхийн түүхийг харахаар монголчууд гол дүр нь байдаг. Тэгэхээр дэлхий нийт Монгол Улсыг, Монгол Улсын түүхийг сонирхохоос аргагүй. Ихээхэн ч сонирхож байна. Нөгөө талд дэлхий дээр байгаа хамгийн сүүлчийн нүүдэлчид гэж болох улс бол монгол. Дэлхийн түүхийг бичилцсэн энэ тэнгэрлэг түмний түүхийг хоёр гурван салаа замаар төөрөгдүүлж байгааг зогсоох нь юу юунаас чухал болсон.

Өдгөө Ж.Болдбаатар, Баабар буюу Батбаяр, Д.Өлзийбаатар болон бусад түүхчдийн байр суурийг харж байхад нэгдмэл байр суурь алга. Бие биенээ үгүйсгэсэн, өөрсдийгөө батлахыг хичээсэн хандлага харагддаг. Тэгэхээр эдгээр түүхчид хамтдаа зөвлөлдөөд нэг зүйл дээр тохирох нь чухал болжээ. Улс төрийн намууд хүртэл тэнгэрлэг түүхээ гуйвуулан сонгуульдаж байгаагийн цаана асар их хор уршиг бий. Энэ мэт нөлөө бүхий түүхчдийн үг ч залуу судлаачдад нөлөөлж хуваагдсан байдалтай байна. Гэтэл бид хамгийн баялаг түүхтэй. Олон улсын талбарт түүхчид нь нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай байгаа нь цаашдаа ихээхэн хор хөнөөлтэйг ч сануулсаар байна. Түүхгүй ард түмэн түүхээ бүтээхийн тулд, баяжуулахын тулд монголын түүхээс зулгаадаг гэдгийг ч хэлдэг. Зулгаах зулгаахдаа монголчуудын эрх мэдэлд байсан, үндэстэн болж бүрэлдэж байсан, ард түмэн нь бий болж эхэлсэн тэр үеэс тасдан авч, зээлдэж, хулгайлж, өөрийн түүхийг бүтээдэг гэдгийг түүхчид ярьдаг. Энэ бол монголчуудын аугаа их түүхтэйн илрэл юм. Хамгийн наад захын жишээ гэхэд эзэн Чингис хааныг орос, хятад, казак гээд бүгд л өөрийн болгохыг хичээдэг. Санаатай санаагүй энэ мэт зүйл байсаар байхад бид түүхээ нэг мөр зам дээр гаргаж ирэхгүй бол болохгүй. Хамгийн гол чухал зүйл бол бултаараа түүхээ мэдэх явдал. Улс эх орныхоо түүхийг судална, мэднэ гэдэг чинь тухайн ард түмэн эх оронч байна гэсэн үг. Түүх бол үндсэндээ манай үзэл суртал, түүхээ судлаад мэдээд ирэхээр бахархах, хайрлах сэтгэл эрхгүй төрнө, ийм үзэл сууна. Улмаар үндэсний дархлаа болно. Цэцэрлэгийн наснаас нь эхлээд л түүхээр хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг бодлогыг боловсруулж, насан туршийн түүхийн боловсрол олгох систем тогтоох ёстой. Тоглодог тоглоом, уншдаг ном, үздэг кино гээд бүх зүйлд үүх түүхээ шигтгэж суулгах хэрэгтэй байгааг хэлсээр байхад энэ төрлийн хичээлийн цагийг багасгах танах асуудал ч гарч байв. Одоогийн улс төрийн тогтолцооноос болоод төвлөрсөн, тогтсон, нэгдсэн, урт настай бодлого байхгүйн зэрэгцээ төөрөгдөлд орчихсон. Тэгэхээр түүхчид маань нэгдсэн нэг байр сууринд хүрч төр маань даацтай бодлого явуулах цаг нь болсон.

Манай улсын хувьд түүх, уран зохиол, монгол хэл зэрэг хичээл, түүх соёлын үнэт зүйлс хамгийн сүүлд хаягддаг байдал хэвээрээ буй. Харин үүний оронд ухаад дуусах уул уурхай гээд мөнгө амар олох зүйлээ юу юуны өмнө шүтдэг. Монгол Улс шинжлэх ухааныхаа салбарт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ  дөнгөж 0,6 хувийг зарцуулдаг. Нэг хувьд ч хүрдэггүй. Ингэхээр шинжлэх ухаан хөгжихгүй. Дээрээс нь түүхээ мэдэхгүй, хүүхэд залуустаа ухуулан таниулахгүй байна гэсэн үг. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд түүх соёл, эх хэлдээ ДНБ-нийхээ 5-6 хувийг зарцуулдаг аж. Бидний хойд хөрш ОХУ гэхэд түүхэн кино, ардын аман бүтээлүүдийг олон тоогоор бүтээж байгаагийн цаана үндэстнээ гэсэн төрийн томоохон бодлого байгааг харуулсан хэрэг. Түүхээ зохиож ядан буй солонгосчууд монголчуудыг дагаж түүхээ бүтээсэн гэдэг. Монголчуудын нөлөө, нөмөрт явсан ийм л улс гэдгийг түүх өөрөө хэлээд өгнө. Тэдний бие даасан хөгжил нь ХХ зууны хоёрдугаар хагаст Солонгосын дайн дуусч байж эхэлсэн гэж хэлж болох юм. Тэд японы колони, түүнээс өмнө Манж, Мин Улсын колони, Юань гүрний үед манай эзэмшилд байсан ард түмэн гэдгийг надаар хэлүүлэх юун.

Гэтэл тэд өөрсдийн гэсэн шинэ түүхийг бий болгож, үүгээрээ хүүхэд залуусаа хүмүүжүүлж чадаж байна. Бодлогоор ухаалаг, баатарлаг түүхийг бий болгож, дэлхий нийтэд түгээхийг зорьдог. Энэ бол тухайн улсын зөөлөн хүчний бодлого. Монголчууд гэдэг эзэрхэг балмад, харгис нөхдүүдийг тусгай бодлогоор зохицуулж байсан тухай кино ч байдаг. Нөгөө талаар бид түүхээ мэдэхгүйдээ сургамж авахгүй, алдаагаа давтаад байна. Алдаагаа давтаад байна гэдэг нь бодлого боловсруулж буй нөхөд түүхээ мэдэхгүй, түүхээ сургамж болгож харахгүй байна гэсэн үг. Үүгээр дамжин удирдах түвшний, шийдвэр гаргах түвшний нөхдийн түүх соёлын мэдлэг, боловсролын асуудал ч хөндөгдөх болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
зочин(202.131.225.197) 2019 оны 08 сарын 29

Түүхийн хувьд заавал баримтлах ганц сайн ном байхад болж байна. Харин эх хэлний буруу яриа, бичиг ирээдүйд бүр их хохирол авчрах байхдаа. Яагаад зүгээр болж байсан дүрмээ өөрчлөөд будилуулаад байдаг, мэдээ мэдээллийг хэл ярианы шалгуургүй болгоод байгаа юм болдоо? Мөн одоо үед олон аялага байхгүй байхад төв халхаа бариад уйгаржин үсгийг шууд галиглан хэрэглэдэг болмоор байна. Түүх судлах нь өмнөх байдлаар нь сурна бизв Бид босоо бичгээ хялбаршуулан авч үлдэх нь чухал мэт,

0  |  0
Top