УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.09.02/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намаас хэд, хэдэн зарчмын асуудалд байр сууриа илэрхийлэхээр ажиллаж байна. Манай нам нь ард иргэдийн эрх ашгийн төлөө олон мянган иргэдэд суурилж бий болсон. Энэ ч утгаараа бидний гаргаж байгаа шийдвэр бүр ард иргэдийн санал дээр тулгуурлана. Тиймээс бид Үндсэн хуульд оруулж байгаа гол өөрчлөлтүүдээр санал асуулга өрнүүлж байна. Нийт 6467 хүнээс санал авсан. Эхний дүн гарсан. Нэгдүгээрт, баялгийн асуудал. Нийт иргэдийн 85 хувь нь стратегийн орд газрын 51-ээс дээш хувийг ард иргэдэд өмчлүүлэх хэлбэрийг дэмжиж байна. Хоёрдугаарт, парламентын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаатай холбоотой асуудал. Мөн бүх хэлбэрээр санал асуулга явуулсан. Үүнд өөрчлөлт хийх шаардлагагүй гэдэг саналд 81 хувь, харин 99 гишүүн таван жилийг дэмжсэн нь 9.8 хувь, 108 гишүүн ба таван жилийн хугацаа гэснийг 8.8 хувь нь дэмжсэн байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнгөрсөн 2011 онд Цөмийн хог хаягдлыг хадгалах, булшлахыг хориглосон гэж тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан. Харамсалтай нь, тус онд Ерөнхийлөгчийн гаргасан нэг ч тийм зарлиг алга. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж гуай тухайн үед зарлиг гагахдаа сонгуулийн зорилгоор, ард түмний эсэргүүцлийг намжаах зорилгоор ийм худал мэдээлэл гаргасан байна. 2011 оны есдүгээр сарын 7-нд гаргасан “Уран, газрын ховор элемент, эрчим хүчний үйлдвэртэй холбогдсон Ерөнхийлөгчийн зарлиг байна. Энэ зарлигт “Үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж хэлэлцэнэ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргаж болно гэсэн үг. Хоёр дахь зарлиг нь бас л биднийг хуурсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийг тууштай мөрдөж ажиллана гэсэн зарлиг. Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улсад цөмийн хог хаягдлыг импортлох, булшлахыг хориглосон нэг ч хууль байхгүй байна. Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглочихсон мэтээр монголчуудад хуурамч мэдээлэл өгч, УИХ-аар хууль гаргаж батлах гэж байхад нь зогсоосон байна гэж бид харж байна" гэв.
Тэд мэдээллийнхээ төгсгөлд дээрх заалтыг Үндсэн хуульд оруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тиймээс дээрх саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Ажлын хэсэгт хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )