Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарын дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад өчигдөр /2019.09.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улс 10 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс байр суурийг нь сонирхлоо

Тэрбээр "Манай хоёр оронд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Өнөөдөр өдөр тутам ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогдож зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, дутагдсанаа авч илүүдсэнээ шөнөдөө зохицуулж байна. Тиймээс өдөр тутам ОХУ-ын системтэй уялдаатай ажилладаг гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг найдвартай байлгах, эрчим хүчний системийн дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудал яригдаж явж байна. Үүний нэг нь IV цахилгаан станцын дөрвөн генераторын хүчин чадлыг нэмэх, сая эхний генераторын үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ жилдээ хоёр генератор ашиглалтад орно. Нийт 40 мега ваттын нэмэлт хүчин чадал бий болно. Жилд 60-80 мега ваттаар шинэ хэрэглээ бий болж байдаг. Үүний 50 хувийг хангана. Ирэх онд үлдсэн хоёр генератор ашиглалтад орно. Нийтдээ 90 мега ваттын шинэ станц шиг хүчин чадал бий болж байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Цаашлаад III цахилгаан станцын өргөтгөл дээр ОХУ-тай хамтарч ажиллах чиглэлээр яриад явж байна. Харин саяын айлчлалаар компани хооронд Азийн супер сүлжээний хүрээнд хамтарч ажиллах гэрээ байгуулж байгаа харагдана билээ" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top