Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ирүүллээ.
Тэрбээр өнөөдөр (2019.09.09) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулах саналыг өргөн барьсан бөгөөд дээрх санал нь бие даасан Тогтоолын төсөл биш юм.
“Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичигт “Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн “Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар уг төсөлтэй холбогдуулан санал ирүүлсэн бол тухайн Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед уг саналыг хуралдаан даргалагч танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гишүүд асуулт асууж, тайлбар авч болно” гэсэн заалтын дагуу ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэвэл зохих Үндсэн хуулийн асуудлын талаарх өөрийн саналыг Улсын Их Хурлын тогтоол хэлбэрээр хүргүүлсэн болно.
Үүний хүрээнд миний бие 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр (өнөөдөр) хуралдсан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, Ерөнхийлөгчийн саналыг танилцуулан, Улсын Их Хурлын дарга танд биечлэн гардуулсан бөгөөд Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу уг асуудлыг хэлэлцэх Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн зарим зөвлөхүүдийн хамт оролцож, уг саналыг танилцуулахын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдэд тодорхой тайлбар өгөх шаардлагатай байна.
Иймд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцох боломжоор хангаж өгөхийг хүсье” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )