Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.09.12/ Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл /ШИНЭ/ намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Батзандан нарын хүсэлтийг хянан хэлэлцсэн юм. Улмаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л,Болд нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монголын эх оронч, шударга иргэдийн нэгдэл болсон Шударга иргэдийн нэгдсэн эвлэл нам Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүллээ. Монгол Улсын парламентад суудалтай улс төрийн гуравдагч хүчин болж, мэндэлж байгааг албан ёсоор дуулгаж байна. Манай нам нь шударга ёсны хувьсгалыг хийх гэж байгуулагдсан. Монголын нийгмийн салбар бүрт шударга ёс үгүйлэгдэж байна. Том өөрчлөлт хувьсгалыг Шударга иргэдийн нэгдсэн эвлэл нам хийхээр зохион байгуулалтад албан ёсоор орж байна. Нэн тэргүүнд Монголын төрийг МАНАН-гийн савраас бүрэн салгах нь бидний зорилго. Хууль, шүүхийн байгууллагыг салбарт томоохон өөрчлөлтийг хийж, нийгэмд шударга ёсыг тогтоох зорилготой. Гуравдугаарт, эдийн засаг болон санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт хийх юм. Сүүлийн хэдэн жил 30 гэр бүл Монголын эдийн засгийг булааж авсан. Эдийн засаг, санхүүгийн мөлжлөгийг зогсооно. Шударга иргэдийн нэгдсэн эвлэлийг байгуулсан 68 мянган шударга иргэндээ баярлалаа" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Улс төрийн шинэ хүчний хувьд Улсын Дээд шүүхэд өргөдлөө өгч, өнөөдөр албан ёсоор бүртгүүллээ. Монголын төр, нийгэм, хувь заяаг өөрчлөхийн тулд өнөөдөр улс төрийн зорилго дэвшүүлэхээр өөр аргагүй. Тиймээс нам гэдэг нэрийг нэмж байна. Эгнээндээ 68 мянга гаруй иргэнийг нэгтгэсэн нь Монголын улс төрд цоо шинэ үзэгдэл болж байна. Анх байгуулагдсан өдрөө л анхны тогтоолоо хэрэгжүүлсэн" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )