ЧУУЛГАН: Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг баталлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.13/ хуралдаан өндөрлөлөө. 

Хуралдаанаар ирэх аравдугаар сард нээлтээ хийх 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.

Тэрбээр "УИХ-ын тухай хуулийн 15.2-т "Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ урьдчилан хэлэлцэж тогтооно" гэж заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.13/ хуралдаж, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тав, УИХ-ын байнгын хороодоос 47, УИХ дахь МАН-ын бүлгээс 14, УИХ дахь АН-ын зөвлөлөөс 23, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нараас 15 санал ирүүлсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн таван саналын гурвыг нь, УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн 14 саналын 10-ыг нь, УИХ дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн 23 саналын гурвыг нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нараас ирүүлсэн 15 саналын тавыг нь хассан байна. Монгол Улсын Засгийн газраас 82 санал ирүүлснээс долоон төслийг нь буцаалаа" хэмээн тодотгосон. 

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тэрбээр "УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар 2020 оны төсвийн тухай хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн хуулийн төсөл зэрэг томоохон 32 хуулийн төслийг хэлэлцэн батална" гэж хэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top