ЧУУЛГАНЫ ТОЙМ: Сайд нар УИХ-д хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг санууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар ирэх аравдугаар сард нээлтээ хийх 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын жагсаалтын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. 

Тэрбээр "УИХ-ын тухай хуулийн 15.2-т "Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ урьдчилан хэлэлцэж тогтооно" гэж заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.13/ хуралдаж, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тав, УИХ-ын байнгын хороодоос 47, УИХ дахь МАН-ын бүлгээс 14, УИХ дахь АН-ын зөвлөлөөс 23, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нараас 15 санал ирүүлсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн таван саналын гурвыг нь, УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн 14 саналын 10-ыг нь, УИХ дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн 23 саналын гурвыг нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нараас ирүүлсэн 15 саналын тавыг нь хассан байна. Монгол Улсын Засгийн газраас 82 санал ирүүлснээс долоон төслийг нь буцаалаа" гэв. 

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тэрбээр "УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар 2020 оны төсвийн тухай хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн хуулийн төсөл зэрэг томоохон 32 хуулийн төслийг хэлэлцэн батална" гэж хэлснээр хуралдаан өндөрлөсөн юм.


УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙ БАЙР СУУРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. 

БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэд, хэдэн хууль өргөн баригдсан. Шинжлэх ухаан, технологийн болон Киноны тухай хууль, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан, хэлэлцэхэд бэлэн болсон. Энэ жил Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад дуусаж байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барих болно. Эдгээр хуулийг тухай бүрд нь хэлэлцэн шийдвэр гаргана гэж үзэх үү.

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Өргөн мэдүүлсэн боловч жагсаалтад орж амжаагүй хууль байгаа бол намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тухай бүрд нь хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хэд, хэдэн хуулийг оруулж ирэхдээ батлах ёстой шүү гэж шаардлага тавьсныг УИХ хүлээж авсан байна. Тиймээс жагсаалтаас хасах ёстой гэж үзэж байна. Нэг ойлгомжгүй асуудал үүсээд байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталчихсан. Гэтэл ард нийтийн санал асуулга явуулах тогтоолоо батлаагүй. Ингээд ээлжит бус чуулганыг хаах юм уу. Энэ чинь байнгын парламентын тасралтгүй үйл ажиллагаа нь хаана байна.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Хуралдаа ирж суухгүй байсан. Та бүхнийг хуралдаандаа ирж суу гэж их урьсан. Гурван ч удаа урьсан санагдана. Тэр хурал дээр ирээгүй үгээ одоо хэлээд байх юм. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг баталсан. Хоёрдугаарт, Засгийн газрын сайд нар болон гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандана шүү.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь тодорхой болчихсон. Харин намрын чуулганаар хэлэлцэх асуултын жагсаалтад Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэргийг оруулж ирж байгааг зөв гэж харж байна. Эдийн засгийн шинжтэй хуулийн төслүүд тусгагдаагүй байна.

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Олон жагсаалт оруулах боломжгүй. Нийт 186 санал ирсэн. Тэр бүхнийг хэлэлцэнэ гэвэл амаргүй. Тиймээс гарцаагүй эхний ээлжид гэдэг зүйлийг намрын чуулганы хэлэлцэх асуудалд оруулж ирсэн болно.

УИХ-ын гишүүн Л.БОЛД: Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэг чухал асуудлыг хөндсөн. Энэ бол улс төрийн намуудын тухай юм. Намуудыг хариуцлагатай, улсынхаа хөгжлийн төлөө заалт оруулж байгаа нь сайшаалтай. Харин намрын ээлжит чуулганаар Улс төрийн намуудын тухай хууль орж ирээгүй байна. Үүнийг заавал хэлэлцэх ёстой. Гэтэл жагсаалтад алга. 

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Жагсаалтад УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм алга. Ажлын хэсэг дүрмийн төслөө боловсруулчихсан гэж ойлгож байна. Энэ ёс зүйн дүрмээр олон асуудлыг шийднэ. УИХ-ын даргаас Ёс зүйн дэд хороонд үүрэг, чиглэл өгч байгаа. Энэ асуудалд бид онцгой анхаарах ёстой. УИХ-ын гишүүд дэгээ сахих шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлээд байгаа УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Санал асуулгын хугацаа, хөрөнгийг шийдсэн тогтоолыг гаргах ёстой. АН-ын зүгээс санал асуулга явуулахыг шаардсан. Энэхүү санал асуулгад оролцох эсэх нь намын асуудал. Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн асуудлыг нь аваад хаячих юм бол гэмт хэрэг үйлдсэн ч жирийн иргэнтэй адилхан болгочихвол хариуцлагын тогтолцоо нь сайжирна.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Тулгамдсан олон асуудал бий. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль байна. Үүнийг хэлэлцэх ёстой. 2020 оны төсөв, мөнгөний бодлогоо ярина. Үүнээс гадна олон чухал хууль байна. Банкны салбарын хуулийг ярих шаардлагатай.

Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН: Би нэг л зүйл хэлнэ. Засгийн газраас өргөн барьсан хуулийг оруулахгүй байна. Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс л дээ. Гарын үсгээ зурчихсан. Сүүлийн 30 жил урагшлаагүй. Үүнийг л урагшлуулах хэрэгтэй байна. Засгийн газар ярьсаар байгаад оруулж ирсэн хуулийг жагсаалтад оруулаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top