Х.Мандахбаяр: Хэнтий аймаг дэлхийд гайхагдсан аялал жуулчлалын өлгий нутаг байгаасай

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулж буй Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, Цагдаагийн газрын дарга Б.Батсайхан, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Энхбат, “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, хуульч Б.Долгор болон Хэнтий аймгийн иргэд оролцож уул уурхайн нөлөөлөл, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж санал солилцсон юм.  

Уул уурхайтай холбоотой Хэнтий аймагт тулгамдсан асуудлыг бүх талаас нь хөндсөн уг хэлэлцүүлгийн нээлтэд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Эзэн богд Чингис хааны өлгий нутаг болсон түүхийн аялал жуулчлалын хамгийн том бүс Гутайн даваанд харамсалтай нь гурван уурхай нээгдэж, Онон голын эхийг хорлон сүйтгэж, байгаль эхийн өрийг нь цоолж байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр, Монгол төрийн шударга алхаар энэ асуудал ямар ч байсан зогссон. Гэвч нөхөн сэргээлтийг ярих ёстой. Нөгөө талаас зарим өнгөт металлын үнэ өсөж байгаатай холбоотой Хэнтий аймагт жоншны олборлолт нэмэгдэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ бүхнийг бид өнөөдөр ярилцах болно. Улмаар шийдвэр гаргагчдаасаа шийдлийг хайх ёстой” хэмээсэн бол тэрбээр хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг эзэн богд Чингис хааныхаа өлгий нутгаас эхлүүллээ. Үндэсний хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хэнтийчүүддээ баярлалаа. Хамгийн гол нь энэ өдрийг та бүхэн эх нутагтаа зориулсан юм шүү. Тодорхой шийдэл хүлээж байгаа асуудлууд Хэнтий аймагт байгаа юм байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан багийн гишүүд бид шүүгчид биш. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага биш. Харин бид олон талаас нь мэдээллийг хөндөж, төр засагт хүргэхийг зорьж ажиллах болно. Өнөөдрийн хэлэлцүүлэг амжилттай боллоо. Хамгийн зөв, шударга шийдлийг олохын төлөөх харилцан ярилцсан уулзалт, хэлэлцүүлэг боллоо гэж бодож байна. Ингээд Хан Хэнтий нутаг цөөн тооны иргэд, улс түмэндээ ашигтай байдаг уурхайгаас бусдыг нь болж өгвөл чөлөөлөөд дэлхийд гайхагдсан аялал жуулчлалын өлгий нутаг байгаасай гэсэн ерөөл дэвшүүлье” гэлээ.

“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг есдүгээр сарын 26-нд Дорнод аймгийн Чойбалсан хотноо Хөгжимт драмын театрт 13 цагаас, есдүгээр сарын 27-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо аймгийн театрт 13:00 цагаас үндэсний хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.114) 2019 оны 09 сарын 26

Шалдир бальдар дуучид очихоор шавкчихдаг иргэд эх нутгаа дээрэмчдээс чөлөөлөх хэлэлцүүлэгт муу оролцож байна.Цаана чинь Гон конгод дан залуучууд эрхиинхээ төлөө олон хоног тууштай тэмцэж байна.

1  |  0
Top