Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг дэмжив

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.25/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

НОЁН УУЛЫГ ДАРХАН ЦААЗАТ БОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Ноён Уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм.
 


Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0,11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10,483 га талбайгаар нэмэгдэх юм. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар тус газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцалтай  байна. Иймд тухайн газар нутагт олборлолт хайгуул хийж буй уул уурхайн компаниудын үйл ажиллаагаг таслан зогсоож, газрын тусгай зөвшөөрлийн олголтыг шалгаж байна. Тогтоол ёсоор Монгол Улсын Засгийн газраас Ноён уулын дархан цаазат газрын  хамгааллын менежментийг хариуцах хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган ажиллах юм. Мөн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулын олдворууд болон тонуулчдын гарт өртсөн зэрэг 100 гаруй эртний булшыг хамгаалахад шаардагдах 360 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын  нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7,3 хувьд хүрсэн.  Зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой  байж уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуй нэгжүүдийн борлуулалт ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байна хэмээн үзжээ. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэсн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг, буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5,1 хувийн алдагдалтай байхаар тооцсон байна.

Товч мэдээ

  • Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
     
  • Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэлцээрт гарын үсэг зурахыг ГХ-ны сайдад зөвшөөрөв.
     
  • Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг ЭХ-ий сайдад олгов.
     
  • ”Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр - III”-ыг  батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжид хамруулан жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top