Д.Тогтохсүрэн: Би УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулаагүй

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар дараах асуултад хариулт авлаа. 


-Улс төр тогтворгүй, хөшигний ард өрнөж байна. УИХ-ыг тараах албан бичигт гишүүд гарын үсгээ зураад эхэллээ. Зарим хэвлэлээр мэдээлж байгаа шиг үнэхээр таны албан бланк дээр гишүүд гарын үсгээ зурж байгаа юм уу. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Би огт оройлж оролцоогүй. Оролцох ч ёсгүй. Миний бланк дээр гарын үсэг цуглуулаагүй.

-Тэгвэл УИХ-ыг тараах албан бичигт яг хэдэн гишүүн гарын үсгээ зураад байгаа юм. Танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Би мэдэхгүй байна. Надад ямар ч мэдээлэл алга. 

-Гэхдээ Ерөнхий сайд энэ асуудлаар тантай уулзсан юм биш үү?

-Үгүй. 

-Хэрэв УИХ-ыг тараах албан бичигт 51 гишүүн гарын үсгээ зурсан тохиолдолд асуудлыг парламентаар авч хэлэлцэх нөхцөл бүрдэнэ биз дээ?

-Үнэхээр 51 гишүүн гарын үсгээ зурж, УИХ-ын даргад өргөн барьсан тохиолдолд хэлэлцэнэ. Наана нь бол хэлэлцэх боломжгүй. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавилаа. Үүнийг хэзээ хэлэлцэх вэ?

-Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг баталсан. Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Ойрын үед бүлэг хуралдаж, хоригийн асуудлыг авч хэлэлцэнэ. Хоригийг хүлээж авна, авахгүй гэдгээ шийднэ.

-Парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр санал асуулгаа явуулах уу, эсвэл хүлээж аваад санал асуулга явуулахгүйгээр шууд гурав дахь хэлэлцүүлгээрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах уу гэх хоёр хувилбар байгаа шүү дээ. Үүнд та хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Хүн бүр л өөр, өөр байр суурьтай байгаа байх. Миний хувьд хувийн байр суурь гэж байхгүй, илэрхийлж болохгүй. Намайг хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлэхээр МАН-ын бүлгийн байр суурь гэж хараад байдаг юм. Энэ бол улс төрийн том асуудал. Тиймээс намын бүлэг хуралдаж шийдэл гаргана. Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж үзвэл хүлээж авна. Хүлээж авахгүй бол санал асуулгаараа явна. 

-Ингэхэд бүлэг хэзээ хуралдах вэ. УИХ-ын гишүүдийн ирц муу байна шүү дээ. Ирц бүрдэхгүй бол яах вэ?

-Маргааш /өнөөдөр/ хуралдана. УИХ-ын даргын зөвлөлөөс гишүүдийг 25-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллах боломж олгосон. Намыг бүлэг хуралдсаны дараа байнгын хороо, чуулган хуралдана. Ээлжит бус чуулганыг хаах том ажил бий. УИХ-ын намрын ээлжит чуулганыг ирэх мягмар гарагт нээнэ. Тиймээс ээлжит чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ зэргээс эхлүүлээд асуудал цааш хөвөрнө. 

-Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хэр үндэслэлтэй гэж харж байна вэ?

-Ард нийтийн санал асуулгатай холбоотой зүйлд байж болох. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд л хориг тавьсан. Харин нөгөө нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хууль хэлбэртэй биш гэдэг асуудлыг хөндсөн харагдсан. Үүнийг их олон ярьсан. Өргөн барихаас нь өмнө хууль хэлбэрээр явуулах уу, нэмэлт өөрчлөлт хэлбэрээр явуулах уу гэж ярьсан. Гэхдээ хууль хэлбэрээр явуулж болохгүй гэж олон түвшинд ярьж шийдсэн шүү дээ.

-Хоригийг хүлээж авсан тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх юм бэ?

-Яах вэ, хоригийг хүлээж авсан тохиолдолд Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоол хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, шууд гурав дахь хэлэлцүүлгийг хийж, батална. 

-Энэ тохиолдолд зүйл, заалт бүрийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үү?

-Үгүй. Хуулийг УИХ баталдаг. Монгол Улс парламентын засаглалтай. Харин зүйл, заалт бүрээр нь санал хураана. 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсан ч гэсэн ээлжит бус сонгуулийг явуулах асуудал үүсэх үү. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Хэлж чадахгүй байна. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн хоригийг шийдэх ёстой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top