“Танд баяр хүргэе! Та азтан боллоо”. Энэ үгийг сонссон хэн боловч сэтгэл дотроо нууцхан баярладаг. Харин үүнийг залилан мэхлэгчид тун овжин ашиглаж, аливаа гэмт хэргийг үйлдэхдээ “Сугалаанд хожлоо, ховорхон боломж олдлоо” гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлэх болжээ. Учир нь бид аливаа шийдвэр гаргахдаа 80 хувьд нь зөвхөн сэтгэл хөдлөлөө дагадаг аж. Сүүлийн үед “Нэг долларын луйвар” нэртэй цахим захиланд өртсөн хохирогчид хэд хэд бүртгэгдсэн гэх мэдээллийн дагуу энэ хэргийн мөрөөр сурвалжиллаа.
Саяхны нэгэн өдөр танил маань Samsung Galaxy S10 гар утас интернэтээр хожсоноо ихэд сайрхан ярьсан бөгөөд “Google” компаниас түүнийг азтанаар шалгаруулж, ийм сайхан боломж олгосон гэв. Чамлахааргүй өндөр үнэтэй гар утас хожсонд нь би ч битүүхэн атаархаж суулаа. Цахимаар ирдэг хуурамч и-мэйл, pop-up мэдээллийг залилангийн шинжтэй гэж мэддэг хэдий ч энэ удаагийнх хонины арьс нөмөрсөн чоно гэдэг шиг маш үнэмшилтэй байсан төдийгүй цөөхөн үлдсэн боломжийг амжиж шүүрэхгүй л бол харамсаад барахгүй мэт мэдрэмж төрүүлэх аж. Тэгээд өөрийн дансны мэдээллийг оруулж, нэг доллар шилжүүлснээр таны азын сугалаа баталгаажиж, та Samsung Galaxy S10, iPhone Xs Max гар утаснаас сонголтоо хийх боломжтой. Ердөө ганцхан доллар. Өнөөх л сэтгэл хөдлөлдөө автсан хэрэг. Найз маань азтан болсондоо урамшиж, алдлаа гэхэд ганцхан доллар юм чинь үзээд алдъя гэж бодсон гэнэ. Харамсалтай нь нэг доллар битгий хэл мянган доллараар ч үнэлж барахгүй өөрийн карт, дансны дугаар, гүйлгээний нууц үг зэргээ луйварчдад алдаж, дансандаа байсан 100 орчим мянган төгрөгийг нэмж алджээ. Энгийнээр хэлэхэд ердөө картын дугаар болон сүүлийн 3 оронтой кодоо бүртгүүлснээс болоод л данснаас нь мөнгө авах зөвшөөрлийг өөрийн гараар луйварчдад нээгээд өгчихсөн гэсэн үг. 1 долларын залиланд хэл устай, өндөр боловсролтой хүмүүс өртөж буй нь хачирхалтай.
Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг гэдгийг мартуузай
Цахим орчинд таны мэдээллийг олж авч санхүүгийн залилан үйлдэх зорилготой вэб сайт, холбоосууд маш олон байдаг бөгөөд тэдгээр нь ихэвчлэн таны анхаарлыг татахуйц, хурдан хариу өгөхийг шаардсан, үнэгүй зүйлс амласан шинжтэй байдаг.
Энэ мэт залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд:
Хэрэв та ямар нэгэн хуурамч сайт дээр мэдээллээ оруулчихлаа хэмээн сэжиглэвэл дараах арга хэмжээг авна уу!
Хэрэв та өөрийн болон өөрийн ойр дотны хэн нэгний нэвтрэх нэр, нууц үг гэх мэт бүртгэлийн мэдээллийг хуурамч вэбсайтад оруулсан тохиолдолд эдгээр хувийн нууцлалтай мэдээллээ нэн даруй өөрчилнө үү!
Хэрэв та өөрийн төлбөрийн картын мэдээллийг хуурамч сайтад оруулсан тохиолдолд өөрийн харилцдаг банкинд нэн даруй мэдэгдэнэ үү!
Дэниэл Гоулман “Emotional intelligence” ном
Сэтгэгдэл ( 0 )