ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Өнөөдөр 2019.09.27. Энэ оны 270 дахь өдөр. Он дуусахад 95 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 42 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 23 градус, үүлшинэ.

Өнөөдөр Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 52 жилийн ойн баярын өдөр. Дэлхийн Аялал жуулчлалын өдөр. Туркменистанд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол АНУ-д Бэлгийн цөөнхүүдийг ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх үндэсний өдөр, Польшид Төрийн баярын, Украинд Аялал жуулчлалын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Америкийн рок дуучин, театрын жүжигчин Мит Лоуф, Голландын хөл бөмбөгийн дасгалжуулагч Дик Адвокат, Шотландын зохиолч Ирвин Уэлш, Францын жүжигчин Жан-Марк Барр, Америкийн жүжигчин, “Оскар”-ын шагналт Гвинет Пэлтроу, Италийн хөл бөмбөгч Франческо Тотти, Украины дуучин Ани Лорак, Америкийн рэпер Лил Уэйн, Канадын дуучин Аврил Лавин нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1967 оны энэ өдөр Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ орон даяар цацсан юм. Улаанбаатар хотод телевизийн төв нээх ёслол болов.

1991 оны есдүгээр сарын 27-29-нд БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай лам БНМАУ-д айлчлав. БНМАУ-д шашны байгууллага нь бие даан үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсад хийсэн Далай ламын айлчлал нь албан бус гэжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1940 оны энэ өдөр Герман, Итали, Япон улс Берлинд Гурван талт гэрээнд гарын үсэг зурав.

1941 оны энэ өдөр Сири тусгаар улс болжээ.

1961 оны энэ өдөр Сьерра-Леоне НҮБ-ын 100 дахь гишүүн орон болов.

1990 оны энэ өдөр ЗХУ Интерполд орсон байна.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд буужээ. Хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйлд сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top