Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт болсон Монголын Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцолж байна.
-Монгол Улс сүүлийн 30 орчим жилийн туршид эрдэмтэн, судлаачдаа сонсолгүй өдийг хүрсэн байна. Эрдэмтдийнхээ судалгаа, үйл ажиллагааг дэмжилгүй өнөөг хүрлээ. Эрдэмтдийн бүтээл, санал онолыг анхаараагүй, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарт асар бага төсөв хуваарилдаг учраас бидний хөгжлийн өнөөгийн өнгө төрх энэ байгаа юм.
-Бидэнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт амжилт, эрдэмтэн судлаачдын нөөц боломж бүрэн бий болж чадсан. Гэвч судалгааны үр дүнг ашиглах, дэмжиж туслах талаар төр засгийн бодлого өнөөг хүртэл урагшлахгүй байгаа нь бодит үнэн.
-Шинжлэх ухаанд зарцуулж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ дөнгөж 0.12 хувьд байгаа нь цалингаас өөр дэмжлэг үзүүлэхгүй байна гэсэн үг. Ядаж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг эрдэм судлалын үйл ажиллагаанд зарцуулж, түүнийгээ тогтмол хэрэгжүүлж байх ёстой гэж үзэж байна.
-Шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд биш боловч цаашид бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын жишгээс доогуур байгаа байдлаа засаж залруулах цаг нь болжээ, шаардлага тулгарчээ.
-Өндөр технологи хөгжсөн, шинжлэх ухааны олон зуун жилийн түүхтэй улс орнуудын шинжлэх ухаандаа хандаж, эрдэмтдэдээ анхаарч бодит дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг миний бие сүүлийн үед гадаад улсад хийсэн айлчлалын хүрээнд байнга анхаарч, хамтран ажиллах боломжийг бий болгохыг зорьж байна.
-Хүн төрөлхтөнд тулгараад байгаа байгаль экологи, хог, эрчим хүчний асуудлуудаас гадна сансар судлал зэрэг томоохон чиглэлүүдээр манай эрдэмтэн судлаачид зөвхөн Монголын хэмжээнд биш бүс нутаг, олон улсын хэмжээнд идэвх зүтгэл гаргаж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг хичээж байна.
-Сүүлийн хоёр сарын хугацаанд Америкийн Нэгдсэн Улсын НАСА-гийн сансар судлалын төвийн дарга, ОХУ-ын Шинжлэх ухаан Академийн Ерөнхийлөгч, Энэтхэгийн Сансар судлалын төв, шинжлэх ухаан, технологийн судалгааны газруудын удирдлагатай ажил хэргийн уулзалтууд хийгээд байгааг та бүхэн анхаарч хамтран ажиллахыг хүсэж, уриалж байна.
-Мөрөөрөө судалгаагаа хийж байгаа эрдэмтэн судлаачдаа сонсохгүй, анхаарахгүй, судалгааны нөр их хөдөлмөрийн үр дүнг ашиглахгүй байж болохгүйг төр засгийн бодлого баригч хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй.
-Нийгэмд өндөр технологи, орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэхээс гадна нийгмийн соён гэгээрэлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх түүх, хэл, соёл, гүн ухааны салбаруудыг онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах ёстой.
Сэтгэгдэл ( 0 )