ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Өнөөдөр 2019.10.01. Энэ оны 274 дэх өдөр. Он дуусахад 91 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 48 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 8 градус, хур тунадастай.

Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр. Мөн Дэлхийн цагаан хоолны өдөр, Олон улсын эмч нарын өдөр тохиож байна. Гаднын улс орнуудаас өнөөдөр Хятадад БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр бол Өмнөд Солонгост Зэвсэгт хүчний өдөр, ОХУ-д Хуурай замын цэргийн өдөр, Кипр болон Нигерид Тусгаар тогтнолын өдөр, Узбекистанд Багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Америкийн жүжигчин, дуучин Жули Эндрюс, Францын кино найруулагч Жан-Жак Анно, Америкийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Рэнди Куэйд, Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй, Либерийн Ерөнхийлөгч, хөл бөмбөгч Жорж Веа, Америкийн жүжигчин Зак Галифианакис, Оросын жүжигчин Чулпан Хаматова, Америкийн жүжигчин Эрика Элиссон, Бри Ларсон нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1924 оны энэ өдөр “Ардын эрх” сониныг гаргаж эхэлжээ. Долоо хоногт нэг удаа хэвлэгдэж байсан энэхүү сонинд тэр үеийн боловсролтой сэхээтнүүд олон талт агуулга, сэдэв бүхий ухуулан таниулах, таниулан мэдүүлэх чиглэлээр нийтлэл бичдэг байв. Сонины анхны эрхлэгчээр Ц.Дамбадорж ажиллаж байжээ.

1935 оны энэ өдөр МҮЭ-ийн III их хурал хуралдаж, Кино зургийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргав.

1957 оны энэ өдөр Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болгон, товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтжээ.

1980 оны энэ өдөр Монголын пионерийн удирдагчдын улсын анхдугаар чуулган болов.

1980 оны энэ өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Монгол, Хятадын хил судлах ажлын хэсгийг байгуулжээ.

-Мөн Монгол-Зөвлөлтийн улсын хилийн дэглэм, хилийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурав.

2000 оны энэ өдөр Орон нутгийн сонгууль болж, МАХН ялалт байгуулж байлаа.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1971 оны энэ өдөр Флоридад дэлхийн хамгийн том зугаа цэнгэлийн газар “Дисней-ворлд” нээгджээ.

1994 оны энэ өдөр Палау тусгаар улс болов.

2017 оны энэ өдөр Каталон тусгаар улс болох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт болж байлаа.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно гэж дорнын зурхайд буужээ. Гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр буян номын үйл эхлэх, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, мал худалдаж авахад сайн. Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top