ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Өнөөдөр 2019.10.02. Энэ оны 275 дахь өдөр. Он дуусахад 90 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 50 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 6 градус, үүлшинэ.

Өнөөдөр Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудад өнөөдөр Гвинейд Тусгаар тогтнолын өдөр бол Италид Үндэсний өвөө, эмээ нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Америкийн загвар зохион бүтээгч, “Donna Karan New York”-ийг үндэслэгч Донна Каран, жүжигчин, дуучин Ромина Пауэр, Английн дуучин Стинг, Америкийн кино жүжигчин Лоррейн Бракко, Украины эстрадын од, дуучин Андрей Данилко, Норвегийн дуучин Лене Гравфорд Нюстрём, Оросын дуучин, жүжигчин, модель Сати Казанова нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1937 оны энэ өдөр улс төрийн хэрэгтнүүдийн хэргийг хянаж, эцсийн шийдвэр гаргах эрхтэй “Онц бүрэн эрхэт комисс”-ыг байгуулжээ. Энэхүү комисс нь 1939 оны дөрөвдүгээр сард татан буугдах хүртлээ 25785 хүний хэргийг хэлэлцэж, 20099 хүнд буудан хөнөөх ял, бусдад нь 10-аас дээш жил хорих ял шийтгэж байв.

1978 оны энэ өдөр БНМАУ-БНЗамби улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1998 оны энэ өдөр Монголын ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь үрэгджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1946 оны энэ өдөр анхны “савангийн дуурь” DuMont сувгаар гарчээ.

1974 оны энэ өдөр Якутад цөмийн дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн хүч 1.7 килотонн байсан юм.

2002 оны энэ өдөр Японд дэлхийн анхны робот-инкассатор худалдаанд гарчээ.

2009 оны энэ өдөр ирландчууд бүх нийтийн санал хураалтаар Лиссабоны хэлэлцээрийн төлөө саналаа өгч байв.

Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна гэж дорнын зурхайд буужээ. Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуган сэргээх, бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд таагүй. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top