Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьсан билээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэдэгт санал нэгдсэн юм. Тэгвэл энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл Цэц дээр очоод унана. Цэц дээр очиж унагахгүйн тулд Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Энэ алдаагаа засчихаа, тэгэхгүй бол 1999 оных шиг Үндсэн хуулийн цэц дээр очоод тэрий хадаад унана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд нэг нам хүч түрэмгийлэн, дур зоргын байдлаар хандах нь сайн зүйл авч ирдэггүй. Энэ удаа дордуулсан долоон өөрчлөлтийг засна гэсэн уриа лоозонтойгоор эхэлсэн ч, бүтэлгүйтсэн. МАН олонхийн суудал авч, төрийн эрхийг дангаар барьж байх үедээ дордуулсан долоон өөрчлөлтийг оруулсан. Гэтэл уг өөрчлөлт улс орны хөгжил, улс төр, нийгмийн амьдралд сөрөг муу нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл өнгөрсөн хугацаанд тасраагүй. Үүнтэй адил тухайн өөрчлөлтийг оруулах үед явагдсан хууль тогтоох байгууллагын хуулийн зөрчил бүхий үйл ажиллагаатай холбогдсон маргаан бас тасраагүй. Ингээд үүссэн маргаан Үндсэн хуулийн цэцийн хэмжээнд олон жил өрнөсөн. Үр дүнд нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан хэмээн дүгнэж болохоор байна" гэв.
Түүнчлэн "Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгыг 30 тэрбум төгрөгөөр явуулахын эсрэг байгаа. Ард нийтийн санал асуулга явууллаа гэхэд ирц бүрдэхгүй бол яах вэ. Ингэвэл 30 тэрбум төгрөг салхинд хийсэх болно.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлаад явах боломж бий. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд Ерөнхийлөгчийн зүгээс эсэргүүцэн хэлэх зүйл байхгүй" хэмээн тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Sanal asuulgig 20oni songuultai hamt hiij bailguidee.