Олигархиуд сүүлдээ бүр эрээ цээрээ алдаж байна. Төрд ноёрхсон хэвээрээ үлдэхийн тулд ирэх сонгуулийн компанит ажлыг яг өнөөдөр эхэлж буй мэт сурталддаг боллоо. Их яарцгааж байна аа. Юунд тэр вэ. Монголын маань баялаг одоо л үр өгөөжөө өгч эхлэх цаг тохиож буй. Тэгвэл энэ бүхнийг тэд өөрсөддөө ашигтайгаар эргүүлж авахын тулд хэмээн тулхтай зарим судлаачид хэлж байна. УИХ-ын сонгууль яах вэ. Үүнээс өмнө амжуулах зүйл цаана чинь овоолоостой байна. Ядаж ядуурлаа бууруулчихаад сонгуулийн сурталчилгааг ярих хэрэгтэй байх. Тэгээд ч сонгуулийн хууль маань УИХ-ын хаврын чуулганаар батлагдах эсэх тодорхойгүй болж байх шиг байна. Батлагдсан ч сонгуулийн холимог хувилбараар тойргийн зохион байгуулалтад бага зэрэг өөрчлөлт орохоос өөр замгүй. Гэтэл зарим хэвлэлүүд нэр дэвшихээр горилогчдыг тойргоор нь зарлан Пи Ар хийх гэж хөглүүлж байна. Саяхан “Монголын мэдээ” сонин Чингэлтэйд нэр дэвших хүмүүс хэмээн бичжээ. Түүнд нь сайдын суудлаасаа хусагдах шахаад хоёр удаа “тэнсэн харгалзах ял” сонссон Д.Зоригтыг тойргоо сольж магадгүй гэсэн байдлаар бичжээ. Үүнийг уншсан хүмүүс илт дургүйцэж байна. Янз нь түүнийг дахиж улс төр рүү зүглүүлэхгүй бололтой. Дараа нь тус дүүргийн засаг дарга байсан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Очирбатыг дурьджээ. Энэ хүний хийсэн ажлыг мэдэх хүн ховор байна. Хааяа хөгшин настай хүмүүст гарын бэлэг шиг юм тараах төдийхнийг эс тооцвол шүү дээ. Дүүрэгт эмнэлэг сургууль байгуулах зэрэг нь УИХ-ын гишүүний шууд гарган хийх ажил биш тул энэ бүхнийг бас хасаад үзэхэд иймэрхүү байна. Тэрээр УИХ-д олигтойхон хууль санаачлах, хуулийн хэрэгжилтийг хянах, хангах зэргийг бол гурилдаж суудаг бололтой. Мөн Г.Баярсайхан байна. Харин хаа очиж энэ нөхөр чинь шинэчлэх, сайжруулах юм их ярьдаг, эдийн засаг, байгаль экологоо сэргээх гэж тэмцдэг зоригтой, тууштай залуу хэмээн хүндэтгэх хүн цөөнгүй. Ардчилсан намын гишүүн гээд нөгөө хэдэн олигархиуд нь “дайсан” болгоод “буудчих”-гүй бол сонгогчид ам сайтай юм шиг байна. Ийм л гурван нөхөр Чингэлтэйчүүдийг УИХ-д төлөөлж гурван жилийг үджээ. Ирэх сонгуульд эд нараас хасагдах хүн бол яах аргагүй Д.Зоригт болов уу. Харин Ардчилсан намын Р.Бурмаа энд хүч үзэх сураг байна. Өнгөрсөн сонгуульд тун цөөн саналаар ялагдсан. Шударга, хөдөлмөрч эмэгтэй гэдгийг иргэдийн ихэнх нь гадарласан байх. Бас түүнтэй зэрэгцээд ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэгддэг Да.Ганболд нэрээ дэвшүүлэхээ намынхандаа эртнээс захиж байгаа гэнэ. Хэнтийд урьд нь сонгууль болгоноор нэр дэвшээд УИХ-д сууж чадаагүй. Сүүлд нь аргаа бараад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд үзээд арай ядан барианд орж ирсэн юм. Түүнийг одоо хүмүүс халзан хэмээн нэрлэдэг болсон. Энэ нэрэндээ тун дуртай. Ганболдоо гэж дуудсанаас үе тэнгийнхэн нь Халзаан гэх нь илүү хялбар байдаг биз. Мань хүн Нийслэлийн засаг даргын орлогчийн суудлыг Ардын намынханаас гуйж, Д.Зоригт сайдтай Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөхгүй хэмээн ам өчиг өгч байж авсан юм гэнэ лээ. Амар болсон шүү дээ. Албан тушаалд хүмүүс иймэрхүү л замаар шургачихдаг. Тэгсэн хэрнээ олны өмнө юм ярихаараа хамгийн эх оронч хүн болж хувирна. Да.Ганболд буюу Халзан бол яг ийм хүмүүсийн нэг. Түүний эдийн засаг ч энээ тэрээ одоо хэнд ч хэрэггүй болсон байх. Саяхан даа, агаарын бохирдолыг бууруулах том төсөл хийлцсэн хүний хувьд тэр Түрк улсын хорт утаа бага ялгаруулдаг зуур гэгчийг иргэдэд нийлүүлэхээр болсоноо зарласан. Гэтэл нөгөө зуух нь 330 мянган төгрөгөөр үнэлэгдэв. Утаа униар гаргах эсэх тал дээр бол манай зарим инженерүүдийн хийгээд худалдаж байсан зуухнуудаас бараг ялгаагүй юм байна. Ядуу тарчиг айлууд яаж ийм үнэтэй зуухыг авч дийлэх билээ. Авлаа гэхэд утаа байдгаараа байх бололтой. Мянганы сорилын сангийн санхүүжилтээр ийм зуух 60 мянгыг оруулж ирэх юм байна. Үүнд 24 тэрбум төгрөг зарцуулах ажээ. Халзан Ганболдын халааснаас биш, бас улсын төсвөөс ч гарахгүй тэрхүү мянганы сорилын сан хэмээх Америкийн иргэдийн татварын хуримтлалаас төлөх мөнгө учраас юу руу цацах нь хамаагүй болж байна. Аягүй бол тэр эндээс сонгуулийнхаа мөнгийг олж авах гэж байгаа биз. Иймэрхүү яриа ч чих дэлслээ. Ойрдоо хотын утааг багасгах, бүтээн байгуулалтыг цэгцлэх гээд маш завгүй, заримдаа орондоо ч орох чөлөөгүй ажиллаж байгаагаа гайхдаг болсон гэнэ лээ. Түүнийг харамсалтай нь Чингэлтэйн иргэд л лав тоохгүй юм шиг байна шүү.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )