"Байгаль эх-хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.07/ Говьсүмбэр аймагт үргэлжлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид Говьсүмбэр аймагт хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа "Эйкүсора" нүүрсний уурхайд иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Аймгийн төвөөс 6 километрт нүүрсний уурхай нээгдсэнийг Говьсүмбэр аймгийн иргэд буруутгаж байв. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гуравдугаар багийг иргэн Д.Ариунаа дараах байр суурийг илэрхийллээ.
-Өнөөдрийн хэлэлцүүлэг дээр иргэдийг бухимдуулж буй уул уурхайн компаниуд, тэр дундаа нүүрсний "Эйкүсора" гэх компанийн талаар оролцогчид нэлээд хөндөн ярилаа. Энэ компани хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг юм бол. Та бүхэн яагаад эсэргүүцэж байгаа талаараа бодит мэдээлэл, байр сууриа хуваалцана уу?
-"Байгаль эх-хариуцлагатай уул уурхай" хэлэлцүүлэг өнөөдөр Говьсүмбэр аймагт болж байгаа нь үнэхээр цагаа олсон зүйл болж байна. Монгол хүнд хэл хэрэгтэй, хил хэрэгтэй, мал хэрэгтэй гэдэг. Өнөөдөр бид газар нутгийнхаа төлөө тэмцэхгүй юм бол бидний газар нутагт хэн нэгэн, гаднын хөрөнгө мөнгөтэй хүмүүс улам их шунаж байна. Манай аймаг гурван сумтай, залуу аймаг. Гурван сумын маань хоёрт нь "Эйкүсора" компанийн орд газар хамаарагдаж байгаа. Анх 2004 онд н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн хайгуулын лицензийг нь хөөцөлдсөн юм билээ. 2004 оноос хойш Шивээгийн уурхай хүртэл ашиглалтын талбайгүй болчихоод 2008 он хавьцаа одоогийн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр нарын тэргүүтэй хүмүүс шинэ Шивээгийн газар нутгаас Шивээ-Овоогийн уурхайд тодорхой хэмжээний хэсгийг авч өгч байсан юм.
Эрх бүхий хэдэн хүмүүс газрын зураг харж байгаад л “Говьсүмбэр аймгийн энэ хэсгийг би авна” гээд авчихдаг юм шиг байгаа юм. Тэнд хэчнээн хүн ам, малчин, ус ургамал, гол горхи байгаа тухай эрсдэлийг тооцоогүй, нутгийн иргэд, төр засгаас асуугаагүй. Энэ компани хайгуулын лицензийнхээ зардлыг улсын төсвөөс гаргуулсан байдаг. Графикийн дагуу эргүүлэн төлж байгаа байх.
Энэ компани 2004 онд хайгуулаа хийчихээд, 2015 онд ашиглалтын лиценз авсан байдаг. Ашиглалтын лиценз авангуутаа 2016 онд "Эйкүсора" гэх толгой компанидаа шилжүүлсэн.Энэ толгой компани нь 100 хувь Хонконгийн хөрөнгө оруулалттай. Ашиглалтын лиценз авахад бүрдүүлэх материал гэж бий. Гэтэл энэ компанийг 2015 онд лиценз авсныг төр засаг, орон нутгийн удирдлагууд ч мэдээгүй. 2012 онд тэд 200 айлын газар өмчилчихсөн, 2018 онд хүртэл 600 айл, нийтдээ 800 айлын өмчлөлийн газар олборлолт хийж байгаа. Иргэд өмчилсөн газар дээрээ амьдармаар байвч уурхайтай болохоор тоос шороо болчихсон байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр амьдралдаа нэг удаа газар өмчлөх эрх, боломж нь хааччихсан юм? Төр засагтаа итгээд бид газар өмчилж авсан. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй зогсож байж газар өмчилсөн ч нэг компанийнхан хүрч ирээд манай газар нутаг гээд булаачихаж болохгүй биз дээ. 30, 40 жилийн дараа тэд энэ газар нутгийг манай газар гэхийг үгүйсгэхгүй.
Монголчууд газар нутаггүй яаж амьдрах вэ? Өнөөдөр хэлэлцүүлэг дээр хэлсэн үг надад их таалагдлаа. “Газартай хүн бол эзэн хүн. Эзэдтэй газар бол нутаг юм” гэж. Говьсүмбэр аймгийн иргэд аймагтаа эзэн нь болж, энэ нутагтаа яаж ая тухтай амьдрах вэ гэдэг нь иргэд бидний эрх ашиг байх ёстой. Суурьшлын бүсээс зургаахан километрийн зайд тоос шороо бужигнуулаад, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа асуудлыг холбогдох газрууд нь шийдэх байх гэж найдаж байна.
"Эйкүсора" компани 2017 оноос олборлолт хийхэд нь манай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Техник, эдийн засгийн үндэслэл байхгүй байгааг анхааруулж, үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл тэд 2019 онд ТЭЗҮ-ээ хийж, нарийвчилсан үнэлгээ нь 2019 онд гарсан гэдэг. Энэ компанийн эрх 2015 онд үүссэн, харин бичиг баримт нь 2019 оноор байгаа юм. Энэ нь өөрөө монгол улсын хуулийг мөрдөж чадаж байна уу? Иргэд компани байгуулаад гэрчилгээгээ авахын тулд эхлээд бичиг баримтаа бүрдүүлдэг бол энэ компани яагаад гэрчилгээгээ авчсныхаа дараа бичиг баримтаа бүрдүүлж болж байгаа юм бол...
Тэдний үйл ажиллагаа явуулаад байгаа энэ газар бол манай говийн иргэдийн суурьшлын бүс. Дээр нь 800 айлын эзэмшлийн газар, малын бэлчээр юм шүү. Одоо бараг л энэ компанийн мэдэлд Шивээговь сум багтчихсан юм шиг байдал бий болж байна. Энэ асуудал төрийн байгууллагын уялдаа холбоо байхгүйтэй шууд холбоотой. Ашигт малтмалын хуульдаа уул уурхайтай холбоотой тусгай зөвшөөрөл зэрэг бүх зүйлийг орон нутгийн захиргаа, ард иргэдийн санал хүсэлтийг харгалзаж олгон гэж тусгасан болохоос биш тэдний эрх мэдлийн хүрээ маш бага байдаг. Иргэд бодит байдал дээр ямар ч мэдээлэлгүй үлдсэн байдаг. Хэчнээн орон нутгийн засаг захиргаа уул уурхайн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэвч хүч хүрэхгүй үе байна. Харин энэ үед энэ хэлэлцүүлэг болж, бид асуудлыг улс орны хэмжээнд, өргөн хүрээнд ярьж, ойлгуулж, дуу хоолойгоо хүргэж байгаадаа баяртай байна. Хариуцлагатай уул уурхайн төлөөх энэ хэлэлцүүлэг 21 аймагт, бүр сум бүрт болох нь маш чухал, бүр цаг үеийн хамгийн хэрэгцээтэй ажил болно гэж бодож байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
Ямар төмөр зам биш
жанжин чойрынхон .сүмбэрчүүд мини ее бүр цаашилбал: боржигон нутгийн омог төгөлдөр иргэд мини ее энэ сх эх нутагтаа амар амгалан аж төрж адуу мал ан амитанаа өсгөн үржүүлж аж \n төрцгөөе дөө х.мандахбаярт амжилт ерөөмүй . чойрын сахиус өршөө!!