ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Өнөөдөр 2019.10.08. Энэ оны 281 дэх өдөр. Он дуусахад 84 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 06 цаг 59 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 14 градус, үүлшинэ.

Өнөөдөр Энэтхэгт Агаарын цэргийн хүчний өдөр бол Иранд Хүүхэд хамгааллын өдөр, Хорватад Тусгаар тогтнолын өдөр, Перуд Тэнгисийн цэргийн флотын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Оросын эдийн засагч Абел Аганбегян, Австралийн кино жүжигчин Пол Хоган, Америкийн хүний эрх хамгаалагч Жесси Жексон, жүжигчин Чэви Чэйз, Сигурни Уивер, Майкл Дудикофф, Беларусийн гэрэл зурагчин Вадим Качан, Америкийн жүжигчин Мэтт Дэймон, Шведийн хоккейч Фредрик Модин, Америкийн дуучин, “Грэмми”-ийн шагналт Бруно Марс, Канадын жүжигчин Ксения Соло нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

2007 оны энэ өдөр Богд хааны ордон музейн засварын ажил дуусаж, хүлээн авах ёслол болжээ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зургаан сая юань хандивласныг Монгол Улсын соёлын өвийг хадгалах төсөлд зарцуулав.

2015 оны энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1926 оны энэ өдөр дэлхийд анх удаа радиогоор хөл бөмбөг дамжуулжээ.

1944 оны энэ өдөр Болгарын арми Германы дайчдын эсрэг довтлов.

1962 оны энэ өдөр Алжир НҮБ-д элсжээ.

1967 оны энэ өдөр Боливд Че Гевараг барьжээ.

1980 оны энэ өдөр Боб Марлигийн сүүлчийн тоглолт болов. Тэрээр концертынхоо үеэр ухаан алдан унажээ. Долоон сарын дараа Боб Марли хорт хавдраар нас барсан билээ.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ гэж дорнын зурхайд буужээ. Морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, өглөг өгөх, хишиг дуудуулах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top