Судалгаа: Монгол Улс БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээгээрээ Австралийг ардаа орхино

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Хятадын уул уурхайн “Fenwei Energy” компанийн шинжээчдийн багийн судалгаагаар Монгол Улс дунд болон урт хугацаандаа БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээгээрээ Австралийг ардаа орхино гэсэн дүн гарчээ. Монгол Улс Австрали улсыг ардаа орхих гол шалтгаан нь шинээр ашиглалтад орох “Хаожи” төмөр замын шугам гэж үзэж байгаа аж. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд эхэлсэн энэхүү бүтээн байгуулалт нийт 1814 км урт төмөр зам өнгөрсөн есдүгээр сарын 28-нд ашиглалтад орсон билээ. Төмөр замын бүтээн байгуулалтад 27 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Монгол Улсын коксон нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүлээлттэй “Хаожи” төмөр зам ӨМӨЗО, Шаньси, Хэнань, Хубэй, Хунань, Жянши зэрэг БНХАУ-ын долоон мужийг холбосон төмөр замын сүлжээ юм. Уг төмөр замаар 2020 он гэхэд БНХАУ-ын хойд нутгаас төвийн бүс рүү жилд 60 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж “Хаожи” төмөр замыг эзэмшигч компани гэгдэх Хятадын төрийн өмчит төмөр замын компаниас мэдэгдсэн байна. Төмөр замын гол эзэмшигч Хятадын төрийн өмчит төмөр замын компани нийт 42 компанитай гэрээ байгуулж, тус бүрээс нь жилд 500 мянган тонн, түүнээс дээш хэмжээний нүүрс тээвэрлэхээр тохиролцжээ.

Ашиглалтад ороод удаагүй байгаа “Хаожи” төмөр замаас гадна Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нүүрсний салбарт анхаарч байгаа бодлого нөлөөлж байгааг ч шинжээчид онцолсон байна. Одоогоор БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээр Австрали улс тэргүүлж байна. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-д импортолсон коксжих нүүрсний 49.5 хувийг Австрали, 41.2 хувийг Монгол Улс нийлүүлж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batzandan(150.129.141.115) 2019 оны 10 сарын 10

Ubtz

0  |  0
Top