Хүний нүд тэр чигтээ кино камертай адил зарчмаар ажилладаг. Нүдний цөцгий нь хар хайрцаг, хүүхэн хараа нь камерын өрц мэт ажиллаж, дүрст мэдээллийг бичиж тархинд дамжуулагч нүдний цөцгийн дэх харааны мэдрэлийн эсүүд нь кино хальс буюу дижитал чиптэй угтаа адил юм. Хүүхэн хараа томорч жижигсэх нь үзэж буй дүрсийн тод бүдэг, гэрэл сүүдрийн зохисыг тааруулж буй дурангийн фокус болно. Өөрөөр хэлбэл хүн амьдралынхаа хором агшин бүрийг, бүр зүүдээ хүртэл үзэж, тогтоож, өөрөө өөртөө бичил баримтат киног үйлдэн, тархиныхаа гүнд хадгалж явдаг амьд кино үйлдвэр ажээ. Хүн үзсэн харсан бүх зүйлээ заримдаа ор тас мартсан мэт байдаг ч далд ухамсар руугаа нэвтрэх дасгал, бясалгал, ховсын аргаар энэ бүхнийг яг тэр чигээр нь тодоос тод ахин үзэж харж, санаж чаддаг нь гайхамшигтай. Иймээс ч зөгнөлт кинонд хүний тархины хараазүйн ой санамжийг сэргээн үзэж байгаагаар ч үзүүлэх нь бий. Ер зөгнөлт, баримтат, түүхэн, уран сайхны ямар ч кино нь найруулагчийнхаа хүмүүст хүргэх гэсэн санааг агуулж байдаг.
Харин ил хэлэх үү, далд ухамсарт нөлөөлөх үү гэдэг нь найруулагчийн шийдэл. Хэрхэн хүлээж авах нь үзэгчдийн таалал.
Кино найруулагч хүн бүр тархиндаа ийн бичиж, эмзэг тусгаж, далдуур ухаарч байдгийг ямагт санаж, мэдэрч, хүмүүний нүдэнд үзэгдэх дүр дүрслэл, харах өнцөг, хол ойрыг тааруулан ямар шийдэл, өнгө төрх, илэрхийлэл зохиомжоор үзүүлбэл үзэгчийн хараазүй, сэтгэлзүй, сэтгэл хөдлөл, мэдрэмж, таван мэдрэхүй, үзэл бодол, чиг хандлагад хэрхэн нөлөөлөхийг бодож сэтгэж байж, кино бүтээлээ туурвидаг. Киноны анхны өвөг сурвалжийг эс тооцон нэг дурангаар хормын урсгал бичлэг авч эхэлснээс хойш 150 шахам жилийн хугацаанд тооцож, дурдаж, ялгаж салгаж тоочиж барамгүй олон төрөл чиглэлээр үсрэнгүй хөгжиж байна. Харин кино хэмээх энэ нүсэр салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжил хэр яваа, хамгийн шилдэг кино найруулагчийн шийдэл ямархуу байна вэ, ерөнхий чиг хандлага хаа явааг баримжаалж болох наадам манай улсад зохиогдох болсоор даруй 10 жилийн ардаа орхижээ.
Анхны "Улаанбаатар" Олон улсын кино наадмыг Монголын Урлагийн Зөвлөл санаачлан аль 2008 онд зохион байгуулж байснаас хойш жил алгасалгүй явуулсаар, энэ жил 11 дэх удаагийн "Улаанбаатар" кино наадам болж байна. Энэ наадам маань анх байсан утга, агуулгаа алдаагүйгээр барам улам чанаржин чансаажиж, дэлхийн кино урлагийн нэр хүндтэй наадмуудад цолгорч, шагналын хур буулгасан онцгой кинонуудыг шигшин сонгож, Монгол үзэгчиддээ кино урлагийн өвөрмөц үзэгдлүүдээр бэлэг барьж байгаа аж.
Эдгээр кино хөтөлбөрийг зохион байгуулагчид өөрсдийн үзэмжээр бус харин салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийн оролцоотойгоор сонгон оноожээ. Тухайлбал энэ наадмын уран сайхны удирдагч, Монгол киноны уралдаант хэсгийн ахлагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын УГЗ Г.Жигжидсүрэн, наадмын олон улсын хөтөлбөр боловсруулагчаар олон улсын кино наадмын зөвлөх Тибу Брак, Монгол хөтөлбөр боловсруулагч зөвлөхөөр Гуру Медиагийн кино продюсер Ц.Ариунаа нар ажиллаж байгаа бол олон улсын уралдаант бус кино хөтөлбөрийн уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын 2 долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсэт ажиллаж байна. Иймээс хөтөлбөрийн сонголт маш сонирхолтой, шинэлэг, өвөрмөц байх нь дамжиггүй бөгөөд олон улсын Канн, Венец, Берлин,Торонто, Локарно, Шанхай, Сидней, Эдинбург, Мюнхен зэрэг кино наадамд шилдгээр шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг 9 орны 18 кино бүтээл байх тул дэлхийн кино хаа хүрч, яаж хөгжиж байгааг нэг дороос үзэж болох нь. Заримаас дурдвал, энэ жилийн наадамд Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн БНСУ-ын найруулагч Бун Жун У-гийн “Шимэгч”, Берлиний кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан Македоны найруулагч Теона Штругар Митевскагийн “Бурхан байдаг. Нэр нь Петруниа” кино энэ хөтөлбөрт багтсан буй.
Мөн энэ наадам нь дан ганц шилдэг киног танилцуулаад зогсохгүй шинээр бүтээгдсэн Монгол киног шалгаруулах хэсэгтэй. Сүүлийн үед гарсан, шинээр бүтээгдсэн монгол киног эндээс үзэж, монголын болон олон улсын алдартай кино мэргэжилтнүүд аль киног шалгаруулахыг үзэгчийн хувиар үнэлж цэгнэж, өөрийгөө сорьж ч болох нь.
Тус наадам нь дээр дурдсан "Монгол киноны уралдаант хэсэг", "Олон улсын уралдаант бус хэсэг"-ээс гадна "Онцлох орны кино хөтөлбөр", "Кино форум", "Кино салбарын сургалт" гэсэн гурван бүлэг, нийт үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа юм. Энэ жилийн онцлох орон нь ХБНГУ бөгөөд “Герман улсын кино үзвэр”-ийн хүрээнд Германы найруулагч Мехмет Акиф Буюкаталай хүрэлцэн ирж, “Орай” киногоо танилцуулахаас гадна, Анжела Шанэлэкийн “Би гэртээ байсан, гэхдээ” болон Нора Фингшаидын “Систем сүйтгэгч” кинонуудыг ч хүргэх ажээ.
Кино сургалт болон Кино Форум нь Монголын кино уран бүтээлчдэд шинэ сэргэг мэдээллээр тархиа цэнэглэж, шинэ уран бүтээлийн санаа олж, харилцан туршлага солилцох сайхан боломж юм. “Кино зохиолоос кино түгээлт” сэдвийн дор Монгол уран бүтээлчдэд кино зохиол бичих, төслөө сайжруулах сэдвээр кино зохиолч Марьета вон Хаусволф вон Баумгартен сургалт явуулж, харин кино маркетингийн чиглэлээр стратегич Матиас Ношис, Локарно кино наадмын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон, зөвлөх Паоло Бертолин нар гурван өдрийн сургалтыг чиглүүлэн, уран бүтээлчдэд ганцаарчилсан зөвлөмж өгнө. Харин Кино Форум нь олон улсын болон Монгол найруулагч, продюсер, уран бүтээлчид олон улсын түвшинд нийцсэн кино зохиол бичих, кино маркетингийн стратеги боловсруулах чиглэлээр ярилцан, 2019 оны Локарногийн кино наадамд оролцсон уран бүтээлчид туршлагаасаа хуваалцах аж.
Энэ жилийн наадмыг Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын киноны уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлж, олон улсын түвшний кино бүтээхэд дэмжлэг үзүүлэн, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор зохион байгуулж Синеплас ХХК, Глобал Смарт Солюшн ХХК, Монголиан Куэст ХХК-иуд дэмжин ажиллаж байгаа юм.
Нийтлэлч Б.Дэлгэрмаа
Сэтгэгдэл ( 0 )