Эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд төрийн зүгээс сүүлийн жилүүдэд нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон амралт сувиллын газрууд дутмаг байна гэдэг шүүмжлэлийг иргэдийн зүгээс илэрхийлсээр ирсэн юм. Тэгвэл энэ орон зайг нөхөхөөр дөрвөн одтой зочид буудлын стандартаар баригдсан “Номун” medical wellness resort амралт сувиллын газар үүд хаалгаа нээлээ.
Тус амралт, сувиллын газрын тухайд эрүүл агаартай орчинд эко хоолоор үйлчлэхийн сацуу ази, европын хосолсон эмчилгээгээр иргэдэд үйлчилж ажиллах юм байна.
Улаанбаатар хотоос 25 км-ийн зайд буюу Найрамдал зусланд үйл ажиллагаагаа явуулж байгаа Номун амралт сувиллын газрын өөр нэгэн онцлог бол 4 одтой зочид буудлын стандартаар баригдсан бөгөөд дотроо саун, дүш, усан бассейнтай. Энэ давуу талаа ашиглан эрүүл мэндийн салбарын томоохон ололтын нэгд зүй ёсоор бичигддэг усан эмчилгээгээр үйлчлүүлэгчдийнхээ алжаал ядаргааг тайлна гэдгийг үүсгэн байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэж байна.
“Номун” medical wellness resort-ын үүсгэн байгуулагч Энхцэцэг:
-Манай “Номун” эмнэлэг 2002 онд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өөрийн гэсэн зам мөр, үнэ цэнэ, үйл ажиллагаа, технологийн давуу талыг бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.
Үүнээс хойш 17 жилийн дараа бид бүхэн Номун амралт сувиллын цогцолборын үүд хаалгыг өнөөдөр ийнхүү нээж байна.
Ямар ч хүн өвдөхөөсөө өмнө өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай байдаг. Олон улсын хэмжээнд манай улс өвчлөлөөрөө нэлээд өндөр байр суурь эзэлдэг. Иргэд маань өвчнөө эмчлүүлэх гэж эмнэлэгт хэвтсэн хойноо их хэмжээний зардал гаргаж санхүү мөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа давхар хохирдог.
Хоёрдугаарт иргэд маань амрах гэж явахдаа аян замдаа их ядардаг. Өөрөөр хэлбэл, хол зам туулж сайхан амарчхаад ирэх замдаа амарсан амралтынхаа эрч хүчийг эргүүлээд алдчихдаг.
Тийм учраас бид бүхэн Улаанбаатар хотоос 25 км-ийн зайд байрлах хүүхдийн энерги шингэсэн энэ сайхан газрыг сонгож амралт, сувиллын цогцолборыг үүсгэн байгууллаа.
Манай үйлчилгээний тухайд зорилтод бүлэгт чиглэсэн гэдгээрээ онцлогтой. Бид өндөр настнуудын асар үйлчилгээ, хүүхэд эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа үйлчилгээг авахаар зорилт тавин ажиллаж байна.
Номун амралт сувилал маань нийт 100 ортойгоос гадна 70 орчим хүн үйлчилгээнд ажиллана. Эмчилгээний тухайд европ, ази, дорнын шалгарсан бүхий л эмчилгээнүүд хийнэ. Ингэхдээ эко хоолоор үйлчилж, эрүүл агаартай хосолсон усан эмчилгээг хавсарган хийнэ.
“Номун” medical wellness resort-ын гүйцэтгэх захирал Маргад-Эрдэнэ:
-“Номун” medical wellness resort төслийн тухайд Номун эмнэлгийн 17 жилийн туршлага дээр үндэслэгдэн сувилал хэлбэрээр баригдсан.
Байршлын тухайд яагаад заавал энэ газрыг сонгох болсон бэ гэвэл Найрамдал зуслан бол хүүхэд багачуудын инээд цангинаж, инерги шингэсэн газар. Үүнийг билэгшээгээд бид бүхэн сувиллынхаа байршлыг Найрамдал зуслангийн ойролцоо газар байхаар төлөвлөж бүтээн байгуулалтын ажлаа хийсэн.
Номун амралт сувиллын төсөл маань яг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууссан. Сувилалд хэрэглэсэн барилгын материалын тухайд дэлхийн стандартад нийцсэн япон, итали, испани зэрэг улсуудаас хамгийн шилдэг гэсэн үзүүлэлттэй барилгын материалыг захиалж ашигласан.
Эрүүл мэнд гэдэг бол цэвэр урьдчилсан сэргийлэлт. Манай монголчуудын хувьд энэ тал дээр бага зэрэг буруу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Тэр нь өвдсөнийхөө дараа заавал эмнэлэг явдаг гэсэн ойлголт. Манай сувиллын тухайд хүмүүсийг яаж эрүүл байлгах вэ, өвдөхөөс өмнө нь өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг зарчим дээр тулгуурлаж байгуулагдсан.
Сэтгэгдэл ( 1 )
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан эмэгтэй байх юм Чадалтай эмэгтэй юм даа Хувьд ч Хувьсгалд ч\n