УИХ дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.14/ боллоо. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой гурван асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ.
Тухайлбал, удахгүй УИХ-аар улсын төсвийн төсөл хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Төсвийн хөрөнгө оруулалтыг танах, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг багасгах, амины орон сууцны санхүүжилтэд ипотекийн санхүүжилтийг тусгах, мөн өмнөх оны төвсийн төсөвтэй харьцуулсан судалгаа хийх санал гаргалаа.
Мөн Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд төрийн зарим үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн холбоодоор гүйцэтгүүлэх, үйл ажиллагааны тайланг хянахад чиглэгдсэн заалтууд тусгагдсан асуудлыг дэмжжээ.
Түүнчлэн зөвлөлийн хуралдаанаар Монгол Улс "Саарал жагсаалт"-д орох эрсдэл тулгарсантай холбогдуулан Өршөөлийн хуулиар хууль бус мөнгөө нуун дарагдуулсан этгээдүүд, дүрмийн сангийн тайлангаа гаргаж чадахгүй байгаа, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээ тодорхойлж чадахгүй байгаа банкууд, мөрдөн байцаалтаас прокурорт шилжүүлсэн, улмаар шүүхээр шийдэгдээд ахиц гараагүй мөнгө угаах гэмт хэргүүд, төрөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн олигарх, гэмт хэрэгтнүүдийн шүүхээр шийдэж чадахгүй байгаа асуудал зэрэгт эрх баригчдыг анхаарлаа хандуулахыг шаардах нь зүйтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )