УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.10.15/ хуралдаанаар өнгөрсөн зургаадугаар сард өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн.
Иймд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалтыг зөв зарчимд оруулах шаардлага бий гэдгийг Д.Хаянхярваа гишүүн хэлж байв.
Түүнчлэн эрх мэдлийг орон нутагт шилжүүлээгүй улмаас төсвийн гүйцэтгэл хангагддаггүй шалтгааныг тайлбарлав. Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж буйгаа танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, шинээр байгуулах агентлагийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улмаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )