Айсуй сонгууль угтсан ажиллагаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Айсуй 2020 оны улсын төсвийг анзаарч байхад аргагүй л сонгуулийн жилийн төсөв гэдэг нь илт. Арга ч үгүй. МАХН хэмээх Төрийн бус байгууллага иргэдэд үнэгүй орон сууц олгох тухай тэнгэрийн зүйл ярьж байхад төрийн эрх барьж байгаа намд энэ зэргийн эрх байх. Сөрөг хүчний хувьд шахмал түлшинд хордсон иргэдээр далимдуулан харлуулах улс төр хийж байгаа ч тэд нуувчинд байна. Тэдний хувьд одоохондоо гал нээгээд сумны гарз гэдгийг сайн мэдэж байгаа учраас МАН-ын гаргасан шийдвэрт “онц муу” дүн тавьж, хийж буй бүх зүйлийг харлуулна. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол тэд шахмал түлш, энэ өвлийн утааг үхэр буу болгон ашиглах горьдлоготой байгаа гэх. Дуулгах аргагүй маш муу мэдээ хэдий ч эх сурвалжийн үгийг дайхаас өөр арга алга. Үүнээс гадна хаврын жагсаал цуглаан гээд тэдэнд төлөвлөж байгаа зүйл олон бий. АН-ынхан хэчнээн хөзөр дэлгэлээ ч дотоод үймээнээ цэгцлэхгүй бол сонгуульд хүчээ тарамдуулах нь ойлгомжтой. Өнөөгийн байдлаар АН дотор хаа сайгүй тамга атгах сонирхолтой нөхөд байгаагаас харвал ихээхэн найдвар муутай. Бид заавал тамга атгах ёстой гэж үзсэн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа өрх тусгаарлаж, АН-аас ч өндөр рейтингтэй явна. Нөгөө талаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч үймээн тарихад бэлэн байгаа учраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байн байн хэвлэл мэдээллээр түүнийг “нүдэж” байгаа нь нэгийг хэлж байгаа хэрэг. АН-аас Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Л.Гантөмөр тэргүүтэй залуусын төлөөлөл гээд тамга атгах санаатай нөхөд олон байна гэдэг АН тун хэврэг байгааг харуулсан хэрэг. Хамгийн том аюул нь намынхаа дарга С.Эрдэнийг зөвшөөрөөгүй гишүүд олноороо намаасаа гарч явсан явдал. Эдгээр намын тулгуур хүчин зүйл нь тэдний сонгуульд ихээхэн сөргөөр нөлөөлнө. Тиймээс С.Эрдэнэ дарга нуруугаа харуулсан гишүүдээ эргүүлэн татах кампанит ажил зохион байгуулж байгаа ч бүтэл муутай байгааг эх сурвалж хэлсэн.  

Харин “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр МАН-ын хувьд Мөрийн хөтөлбөрөө дагах уу, нөхцөл байдлаа дагах уу гэдэг нь тэдний хувьд хүнд сорилт болж буй. Ямартай ч зам тээврийн салбарт чамгүй олон бүтээн байгуулалтын ажил эхлүүлчихсэн, Нефть боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, Шахмал түлшний үйлдвэр гээд олон зүйлийг хөзрийн тамга шиг ойлгож байгаа.

Мөн Мянганы хөгжлийн сорилтын сан, Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулах гэх зэрэг төслүүд байгаа нь ямартай ч гай болохгүй. Төв цэвэрлэх байгууламж, Нефть боловсруулах үйлдвэр хоёрын хувьд тамга биш юм гэхэд ноён байх магадлал бий. Учир нь аль аль нь ашиглалтад орох хугацаа нь болоогүй ажил жигд явж байгаа учраас иргэдийн “барьчихаасай” гэсэн горьдлого тэдэнд боломж олгох талтай. Шахмал түлшний хувьд хараахан дүн тавих, урьдчилан таамаглахад хэцүү. Шахмал түлштэй хэрхэн дулаан өвөлжихөөс гадна нийслэлийн утаа ямар байхаас шалтгаална. Тэгээд ч шахмал түлш анх удаа өргөн хэрэглээнд гарсан даруй хүний амь насанд хүрсэн гээд асуудал байгаа. Энэ муу нэрийг арилгах амаргүй.

Тэдэнд рейтинг юүлэх нэгэн боломж бол цалин хөлсний нэмэгдэл. Одооноос л цалин нэмэх боломж бүрдлээ хэмээн Засгийн газрын тэргүүнээс эхлээд салбарын сайд нар мэдэгдэж байна. Гэхдээ цалин хөлсийг хэдэн хувиар нэмэх нь ихээхэн нөлөөлнө. Нэмэгдэл гээд долоолгох юм бол сонгогчдын бухимдал улам нэмэгдэнэ. Цалин нэмээгүй байхаасаа дор байдал үүснэ. 

Судалгаа тандалт, нийгмийн хандлагаас харж байхад МАХН-ын рейтинг тийм ч муугүй байгаа бололтой. Тэд багахан амжилтандаа хөөрч иргэдийн ипотекийн зээлийн хүүг тэглэж, тэднийг үнэгүй орон сууцанд амьдруулах боломжтой тухай мэдээлэл хийсэн төдийгүй  намынхаа байрны өмнө “Үнэгүй орон сууцны бүртгэл”-ийн нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Намын дарга Н.Энхбаяраас эхлээд олон хүн үг хэлсэн нь тэдэнд таалагдах бус дургүйг нь хүргэв. Гэтэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян “МАХН эрх баригч болно. 2020 оноос эхлэн ипотекийн зээлийг 0 хүүтэй болгоно” хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэсэн нь жинхэнэ “Гал дээр тос” гэгч болов. Уг нь гайгүй байсан тэдний рейтинг ийнхүү хэт шунаснаас болж бүр ч навс уналаа. Арга ч үгүй. Парламентад ганц ч суудалгүй нам нэртэй Төрийн бус байгууллага гэнэт үнэгүй орон сууц амлаж, сүүлдээ “Бид төрийн эрх барина” хэмээн тунхаглахаар чулуугаар шидүүлээгүй нь их юм. Ипотекийн зээлийн хүүг тэглэж болох ч МАХН биш МАН ярих ёстой, ядахдаа АН ярих ёстой зүйл учраас ямар ч итгэл төрөөгүй хэрэг. Үүний зэрэгцээ “ШИНЭ” нам хэмээх хамтлаг ч өөрсдийгөө гуравдагчдын орон зайд тавьчихсан үзэж байна. Мэдээллээс харахад тэднийг дэмжигчдийн хүрээ өдрөөс өдөрт тэлж байгаа гэх.

Юутай ч тэд С.Зоригийн хэргийг сонгуулийн гол хөзрөө болгон атгачихсан. Сүүлдээ дүрдээ хэт орж, улсын нууц хүртэл дэлгэж байгаа нь ерөөсөө сонгуулийн халуурал. Ж.Батзандан нарын хувьд ирэх сонгууль хүртэл С.Зоригийн хэрэгтэй “ноцолдоно”. Магадгүй тэд Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг хамгийн том зорилгоо болгож байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top