Ж.Бат-Эрдэнэ: Зөвхөн бүтээн байгуулалт яриад байвал Хойд Солонгосоос юугаараа ялгарах юм

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 


-УИХ-ын намрын чуулганаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхлэхэд бэлэн боллоо. Дагаад сонгуулийн жилийн төсөв болсон гэдэг шүүмжлэл ч гараад эхэлсэн байна?

-Бид жил бүр үндсэн чиглэлд орсон ажлуудаа батлаад явж байгаа шүү дээ. Түүний дагуу л энэ жилийн төсөв орж ирсэн. Яах вэ, гадна талаас сонгуультай холбогдсон төсөв баталчихлаа гэсэн шүүмжлэл гарч байгаа байх. Бидний хувьд эсрэгээрээ 2018, 2019 онд намын бүлгийн хэмжээнд ярьж байгаад хөрөнгө оруулалтаа илүү их хийсэн. Тэр тусмаа 2019 онд хөрөнгө оруулалтуудаа их тавиад ирэх ондоо дуусгах ийм л бодлого барьсан. Мөн энэ УИХ бүрэлдэн тогтсоноосоо эхлээд төсвийн сахилга батыг сахия, алдагдлыг багасгая гэсэн шүү дээ. Тэр тал руугаа анхаарсан төсөв болж байгаа.

-Таны хувьд Булган аймгаас УИХ-д сонгогдсон ганц гишүүн. Танай тойрогт хэр хөрөнгө оруулалт очихоор байна вэ?

-Орон нутагт тавигдаж байгаа төсөл арга хэмжээнүүд 2019 онтой харьцуулахад харьцангуй багассан. Мэдээж, УИХ-ын гишүүдээс жаахан нэмэгдүүлье гэсэн санаа, оноонууд гарч байна. Би ч тойргийн хэмжээнд хийх ажлууд дээр ганц, нэг ажлыг нэмэгдүүлье гэсэн саналаа гаргаад явж байгаа. Миний хувьд хөрөнгө оруулалтыг байшин барилга гэхээсээ илүү иргэдийн амьдрах бололцоог сайжруулах дэд бүтцэд чиглүүлэх, мөн иргэдийн өрх гэр лүү очсон буюу орлого, ажлын байр бий болгосон зүйл рүү нэлээд анхаарах ёстой гэж харж байгаа. Тиймээс ч өнгөрсөн гурван жил орчим хугацаанд “Шинэ хөдөө” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Энэ хөтөлбөрөө улсын хэмжээнд хэрэгжүүлэх гээд явж байсан бол одоо “Шинэ хөдөө Булган” гэдгээр аймаг дээрээ хэрэгжүүлээд явж байна. Цааш нь өргөжүүлье гэсэн санааг төсвийн ажлын хэсэг дээр хэлнэ гэсэн бодолтой байгаа.Хөрөнгө оруулалтын хувьд энэ жилийнхээс буурахаар төлөвлөсөн байна лээ. Дунджаар тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тойргууд дээр тавигдаад явж байгаа л даа.

-Манай тойрогт бага, тэдний тойрогт их хөрөнгө оруулалт тавигдлаа гэсэн гомдол бас байх шиг?

-Их, бага хөрөнгө оруулалт тавигдсан тухай яриа байх шиг байна. Хуваарилалт дээр эргэж харах байх.

-Халамжийн төсөв боллоо гээд байгаад тухайлбал, Мэргэж­лийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдад сарын 100 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг байснаа 200 мянга болгох, ээжүүд тэтгэвэрт гарахдаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жил бодуулах гэх мэт олон зүйл орсон нь нөлөөлсөн л дөө?

-Эмэгтэйчүүд болон эхчүүдтэй холбоотой асуудлууд байгаа. Мөн МСҮТ-д суралцагчдыг цалин­жуулах чинь өмнө нь эхэлчихсэн асуудал шүү дээ. Үүнийгээ цааш үргэлжлүүлэхдээ нэмэгдүүлье гэсэн санаа. Үндсэндээ намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлүүдээ бид жил дараалаад хэрэгжүүлээд явж байгаа л явдал. Түүнээс биш гэнэтхэн бүгдийг нь цуглуулаад нэмэгдүүлж байгаа юм байхгүй. Ер нь цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулаад нэмэгдүүлье гэдэг бол бидний өмнө нь ярьж л байсан асуудал биз дээ.

-Төсвийн алдагдал өндөр, орлогыг хэтэрхий өөдрөг төсөөлсөн байна. Магадгүй Ерөнхийлөгч хориг тавих байх гэсэн яриа гараад байгаа. Хэлэлцүүлгийн явцад бууруулж багасгах болов уу?

-Төсвийн алдагдлыг бууруулахгүй байх. Учир нь гишүүд бага зэрэг нэмэх л саналтай явж байна. Энэ чинь хувийнхаа юмыг хийх гээд байгаа асуудал биш шүү дээ. Тэртэй, тэргүй намын болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зүйлүүдээ л амжуулж гүйцээж хийх гэсэн хүслээр л хандана. Тийм болохоор дунд нь гүйлгэж бариад зарим зүйл дээр жаахан нэмэгдүүлэх арга юу байна гэдгийг хайх байх. Алдагдлаа энэ хэмжээнд нь барих л асуудал чухал байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Одоо зөвшилцөх ажил явж байна. АН-ын хувьд УИХ-ын сонгуулийг холимог болгох, Ерөнхийлөгчийг парламен­таас сонгох, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг өгөх саналуудыг дэмж­вэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг кнопдоно гээд байгаа. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжээгүй. Бид өөрсдөө 62-уулаа өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө хэлэлцсэн. Дээр нь Ерөнхийлөгч тодорхой саналуудаа өгсөн. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж тодорхой хэмжээнд нэгтгээд дундын хувилбар гаргаад явсан шүү дээ. Одоо энэ хувилбар бол тэрний, түүний гээд байх юм байхгүй УИХ-аар батлагдсан өөрчлөлт юм. Хоёрдугаарт, эцэг хууль гэдэг утгаараа ард иргэдийн саналыг авах ёстой гэсэн байр суурьтай байсан хүн. Одоо бас дахиад л улстөржиж байна. Хоригийг хүлээгээд авчихлаа. АН-ын холимог системийг оруулъя, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмье гэдэг санал бол боломжтой. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё гэдэг нэлээд том хэлцэл хийж байж явуулах ёстой зүйл. Нийгэм хэрхэн хүлээж авч байгаа дээр судалгаа гаргаж байж л шийдэх асуудал шүү дээ. Түүнээс аль нэг нам санал оруулж ирснээр аваад явчих асуудал биш гэж үзэж байгаа.

-Таны “Шинэ хөдөө” хөтөлбөрийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн гэж ойлгоод байгаа. Ер нь жижиг, дунд үйлдвэр эрхлэх гэсэн иргэдэд ямар хэмжээний зээл хэрэгтэй байдаг юм бол?

-Ер нь үйлдвэрлэл эхлүүлэхэд багадаа 20 сая төгрөг хэрэгтэй. 20 саяас доошлох юм бол багадаад бодит биш болчих гээд байгаа юм. Дунджаар 20-50 сая байхад орон нутгийн хүрээнд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр бий болгох бололцоотой гэж бид хараад байгаа.

-Саяхан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүд “Итгэлийн зээл” олгохтой холбоотой хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Зээлийн хэмжээ нь 20 хүртэл сая төгрөг гэсэн. Энэ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэм болох болов уу?

-Бид 1990-ээд оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн нийгэмд орсон. Зах зээлийн нийгэмд орлоо гээд хувийн хэвшлийг өөрсдөө бизнесээ хий, чадвал амьдар гээд үндсэндээ хаячихсан л даа. Одоо харахад 1990-ээд оны хувьчлалд орсон хэдэн хүн, эсвэл тухайн үед ганзага наймаа хийж таван төгрөг олсон хүмүүсийн хүрээнд л бизнес явж байна. Товчхондоо, яг төлөвлөгөөтэй, төрийн зохион байгуулалттай бизнесийн орчин тогтоогүй гэж хэлж болно.

-Зах зээлийн нийгэмд төрийн зохион байгуулалтаар бизнесийн орчин хийж болохгүй байх аа?

-Жишээ нь, Монополийн эсрэг хууль байна. Энэ чинь төрийн зохицуулалт байхгүй юу даа. Дээрээс нь дэд бүтцийн асуудлуудыг нь зохицуулж өгч байгаа нь төрийн дэмжлэгийн нэг хэлбэр. Хүн сайхан амьдрахын төлөө байдаг болохоор арьс ширний үйлдвэр эсвэл сүүний үйлдвэр ашигтай байна гэвэл магадгүй бүгдээрээ дайрчихна. Тэгэхээр төрийн зохицуулалт дотор тухайн бараа бүтээгдэхүүний боломжит үйлдвэрүүд ямар хүчин чадалтай байх, дагасан аж ахуйн нэгжүүд нь ямар байх гэдгийг тодорхойлох ч орно. Мөн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл рүү ямар шугамаар гаргах, гаалийн болон татварын бодлогоор яаж зохицуулах гэдэг асуудал байна. Тухайлбал, анх үйлдвэрлэлээ эхлүүлж байгаа хүмүүсээсээ бага татвар авдаг. Хөл дээрээ боссоных нь дараа татвараа нэмэгдүүлдэг ч юм уу. Бид төрийн зохицуулалт гэдгийг буруугаар ойлгоод “Чи талхаа хий, чи энийгээ хий” гээд өрсөлдөөнийг байхгүй болгох хуучны юмыг хийх гээд байна шүү дээ. Би нэрийг нь хэлээд яах вэ. Жишээ нь, нэг компани Монгол Улсын төмсний 30 хувийг тарьж байгаа. Дахиад түүн шиг хоёр компани гараад ирвэл 90 хувь буюу бараг бүх төмсийг тарих нь юм байна. Хэрэв тэгвэл адил үйл ажиллагаа эрхэлдэг бусад иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдрах боломж бололцоог нь хаачихна биз дээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр зохицуулалт орж ирэх хэрэгтэй. Том компаниудыг цаашдаа бол тодорхой хэмжээнд хувьцаат компани болгож чамд, надад, Дорж, Дондогтой зах зээлээ хуваах зохицуулалт зайлшгүй байх нь зөв.

-“Итгэлийн зээл”-ийн талаар ярьж эхэлсэн байх аа?

-Харин тийм болохоор би өнөөдөр хэн нь юу хийх боломж бололцоотой байна дэмжих ёстой гэж үзээд байгаа юм. Манайхан том үйлдвэрүүд байгаад түүнийгээ дагасан жижиг үйлдвэрүүдийг хөгжүүлэх гээд гоё гоё юм яридаг. Миний хувьд энэ болоогүй гэж үзэж байгаа. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл төлөвшиж чадаагүй байна. Наад зах нь Говь шоколаднаас өөр дотооддоо танигдсан чихэр, шоколад байна уу. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл бэхэжсэний дараа хүссэн хүсээгүй том үйлдвэрийн холбоц хийх шаардлага гарна. Доод тал нь бэхжээгүй байхад шууд том үйлдвэр хийгээд хүчээр уяж өгөх гээд байна шүү дээ. Тиймээс одоо явж байгаа үйлдвэрлэл, түүний санхүүгийн чадавхийг нь бэхжүүлж суурийг бий болгох ёстой юм. Үүнд чиглэсэн бүхий л боломж бололцоог дэмжих ёстой гэж боддог. Энэ дотор тэр “Итгэлийн зээл” орж ирж байгаа юм. 20 хүртэл сая төгрөг дотор ямар зүйл хийх боломжтой байна хийгээд үзье л дээ. Харж хянадаг, бодлогоор дээрээс нь барьдаг байгууллагаар дамжуулж тодорхой хэмжээнд өөрт нь зах зээл байна гээд зээл хүссэн хүнд өгөх нь зөв. Түүнээс авъя гэсэн болгонд өгөөд байвал бүх хүмүүс нь өрөнд ороод сүүлдээ үүнийг цайруулъя гэдэг юм руу орно шүү дээ.

-Ер нь “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгдээд байна вэ?

-Хөтөлбөрийн зорилго бол мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг иргэддээ мөнгөн биш буюу тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шүү дээ. Худаг ус, хадлан тэжээл, ногоо цагаа хураахад шаардлагатай тоног төхөөрөмж өгөх, лаборатори, нядалгааны цех байгуулах гэсэн санаа. Бас нэг урсгал нь бизнесийг дэмжих л дээ. Энэ хүрээнд Булган аймгийн хувьд Түлүүгийн даваа болон аймгийн төв дээр зорчин өнгөрч байгаа хүмүүст зориулсан худалдааны хоёр цэг бий болгох асуудал орж байгаа. Малчид, иргэд, аж ахуйн нэгж маань очоод өөрсдийнхөө айраг цагаа, хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүнээ зарчихдаг цэг байгуулъя гэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд ноднин хоёр тэрбум, уржнан нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдүүлж оруулсан. Энэ жилийн төсөв дээр хоёр тэрбумыгаа барих гэсэн боловч бууруулсан байна лээ.

-Хэд болж буурах гээд байгаа юм бэ?

-Хоёр тэрбум төгрөг хүссэн боловч 400 сая төгрөг болж орж ирсэн байна.

-Одоо заргалдана биз?

-Заргалдана даа.

-“Шинэ хөдөө Булган” гээд явуулж байгаа юм байна. Томруулах боломж байхгүй юу?

-Би хоёр ч Засгийн газарт өгсөн шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт өгсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газарт өөрөө барьж орж байсан. ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзориг гишүүн ажиллаж байхдаа нэлээд сайн дэмжиж “Шинэ хөдөө, шинэ амьдрал” гэдэг хөтөлбөр болгоод явж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Эдийн засгийн гурван тулгуурт бодлого гэдгийг санаачилсан. “Тэр гурван тулгуурын нэг тулгуур нь хөдөө аж ахуй буюу Ж.Бат-Эрдэнэ сайдын яриад байгаа шинэ хөдөө юм” гэж яриад тэгээд цаашаа нэг их яваагүй. Тиймээс түүнийгээ жижигрүүлээд Булгандаа “Шинэ хөдөө Булган” болгоод хэрэгжүүлээд явж байна даа. Одоо анзаараад байхад ард түмний итгэлийг аваад гарч ирсэн гишүүн тойрогтоо байшин барилга барьж л байвал юм хийсэн болчихоод байна. Хурал зөвлөгөөн дээр очиход нэг л их бүтээн байгуулалт ярьсан юм байдаг. Ард иргэд ч баярлаад алга ташаад “Манай гишүүн мундаг шүү” гэдэг. Тэр хүн буцаад гэртээ харихад амьдрал нь бахь байдгаараа л байдаг. Иргэд ч үүнд дасаад амьдралд нь нөлөөлөөгүй юманд алга ташаад баярлаад сууж байдаг боллоо. Бүтээн байгуулалтаар хоол хийгээд баярлаад байна гэхээр Хойд Солонгосоос юугаараа ялгаатай юм. Үндсэндээ ард иргэдээрээ тоглоод байна. Би 2016 оны сонгуульд “Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн санал барьж орж байлаа. Эдийн засгийнхаа бүх л боломж бололцоог хүн рүүгээ зориулъя гэсэн байхгүй юу. Баяжигтун гэдгийг л хийх гээд байна шүү дээ. Ард түмэн өөрсдөө мөнгөтэй, төгрөгтэй амьдрал нь сайжирч байж хүн гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг болно, ухам­сар нь дээшилнэ, эрүүл мэнддээ анхаарна, хүүхдийнхээ ирээдүйн төлөө анхаарна. Одоо бол үндсэндээ гурван монгол хүн тутмын нэг нь ядуу байна гээд байна шүү дээ.

-Ажилгүйд их учир байгаа байх аа?

-Ажилгүй, ядуу байна гэдэг чинь гэртээ хоолтой, хүүхдээ мөр бүтэн байлгахын төлөө л анхаарал хандуулна гэсэн үг. Тэрнээс цааш эрүүл мэнд, боловсрол руу хальж анхаарал тавьж чадахгүй болчихоод байгаа шүү дээ. Тийм болохоор нийгмийнхээ тулгуур болсон хүнээ хөгжүүлж, хөрөнгөжүүлэх бүх боломжийг эрэлхийлэх ёстой. Тэгэхгүй уул уурхайн ч юм уу том төслүүдээс их мөнгө орж ирэхээр хувааж өгөх гээд байгаа юм шиг явж таарахгүй.

-Байгалийн баялгийг нь хулгайлсан гэдэг нэрийг хэдэн хүнд зүүгээд олон нийтийн дунд нэр төрийг нь “цовдолж” байгаа даа?

-Хэдэн хүнд хамаг бурууг өгчихөөд энэ хэвээрээ яваад байна. Тийм болохоор ямар нэгэн байдлаар ажлын байр бий болох бүхий л боломжийг нээх хэрэгтэй. ЖДҮХС байгуулагдсанаас хойших хугацаанд 1.5 их наяд төгрөгийн бизнесийн саналууд орж ирсэн гэж байна лээ. Маш өндөр тоо. Энэ хэмжээний хөрөнгө хэрэгтэй байна, ийм хэмжээний бүтээн байгуулалт хийх орон зай байна гэсэн үг. Урд хөршийг хар л даа. Тэд амьдралын боломж тааруу айл өрхүүдийг ажилтай, амьдралтай байлгах бололцоог хангах л зорилго тавьсан. Тэр нь хөгжил болоод гараад ирсэн байна. Ажлын байрны цаана, үйлдвэрлэл, тэгээд хөнгөн үйлдвэр гээд бүх юм хөдөлчихөж байгаа байхгүй юу. Улс гэдэг чинь иргэдээсээ л бүтдэг. Бид ч иргэн баян бол улс баян гэдэг дээр тогтохгүй бол болохгүй болчихоод байна шүү дээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ds(64.119.18.231) 2019 оны 10 сарын 18

Huvi umchlul het buruu yvsanaas unuudur irged yduurch bgaag hardaa . ydaj 2 hurshuusuu sudalgaag boditoi hiimeer bn . tuunees heden ul medegch darga yvj yu hiih ve? Dailuulj tenej yvaad ur dungui l irdeg shuudee!!

0  |  0
зочин(192.82.70.47) 2019 оны 10 сарын 19

хувийн өмчгүйгээр технологийн эрин гарахгүй байсан

1  |  0
Top