Зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэх мэдээлэл гараад байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг орлого нь огцом нэмэгдсэн, хууль хяналтын байгууллагад хөрөнгийнхөө эх үүсвэрийг шалгуулах ёстой гэх шаардлагыг өчигдөр “Бид уучлахгүй” төрийн бус байгууллагаас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүргүүллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас дараах асуултад хариулт авсан юм.
-”Бид уучлахгүй” төрийн бус байгууллагаас таны хөрөнгө, орлогыг огцом нэмэгдсэн талаар мэдээллээ. АТГ-ын албан ёсны сайтаас таны хөрөнгө орлогын мэдүүлгийг шүүж үзэхэд хөрөнгө тань эрс нэмэгдсэн нь харагдаж байна. Үүнд та тодорхой тайлбар өгнө үү?
-Нэг сайтад намайг хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн дунд хавчуулж, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралд ирээгүй мэтээр бичсэн. Ямар шалтгаанаар намайг гүжирдэж, гүтгэж байгааг мэдэхгүй. Ёс зүйн дэд хорооны хурлын процесс, миний өгсөн бичиг бий. Гурван гишүүний асуудал бол тусдаа зүйл. Би 2009 оноос хойш тасралтгүй Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байна. Өөрийнхөө хөрөнгө, орлогын асуудлыг АТГ-т жил бүр тайлбарладаг.
Хүн өөрийнхөө орон сууцыг борлуулахад, тэр мөнгө нь орлогод нэмэгддэг. Үүнийг өөрсдөө очоод асуугаад, тайлбар авна биз. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн ярьсан болгонд нэг бүрчлэн тайлбар өгөх боломжгүй. Хүн олсон орлогоо үнэн зөвөөр, орлого гэдэг талд нь бичиж, тайлагнах ёстой.
Би өнгөрсөн онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвар төлсөн. Энэ орлого л болж таарна. Аж ахуй эрхэлж олсон мөнгөө бас орлого талд нь бичнэ. 2016 оноос эдийн засаг сэргэж эхэлсэн. Миний барьсан орон сууцны борлуулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Би тэр болгоныг нэг бүрчлэн тайлбарлах албагүй.
-Гэхдээ хоёр жилийн өмнө таны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 350 сая төгрөг байсан бол өнгөрсөн онд энэ тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 650 сая төгрөг болжээ. Ингэж нэмэгдсэн нь зуслангийнхаа байшинг зарсантай холбоотой гэж ойлгох нь зөв үү?
-Байшингаа зараад, орлого олсон. Үүнийгээ орлого талд нь л бичнэ биз дээ. Хэрвээ ямар нэг байдлаар хардаад байгаа бол АТГ-т өгөөд шалгуулах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн Тусгай ангид үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвар төлөхөөс зайлсхийх гээд заалт бий. Би цэнхэр дэвтэр дээрээ ном, мал борлуулж олсон орлого ч бай хамаагүй жил болгон л бичдэг.
Хэрэв миний олсон орлогыг хууль бус гэж хардаад байгаа бол хэвлэлийн хурал хийж байхаар АТГ-т хандаж, шалгаад өгөөч гэсэн хүсэлтээ өгөх хэрэгтэй. Намайг гишүүн болоогүй байхад барилгын борлуулалт муу байсан. Миний нэр дээр бүртгэлтэй компаниуд 2010 онд байгуулагдсан. Хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлж байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засаг сэргэж, орон сууцны борлуулалт нэмэгдсэн. Эдийн засаг сэргэж байгаа эсэхээс шалтгаалаад орлого нэмэгдэж, буурах нь тодорхой шүү дээ.
-Таныг өмнө нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар АТГ-т шалгуулахаар өгч байсан юм билээ?
-Би хэлсэн. Аль 2009 оноос хойш бүх юмаа тайлагнаад явж байгаа гэж. Ийм компаниуд миний нэр дээр байдаг. Энэ компаниудын үйл ажиллагаа заримдаа доголддог, зарим жилд сэргэдэг. Хүн жил бүр амины орон сууцаа зарахгүй биз дээ. Зарсан үед нь орлого нэмэгдэнэ. Шалгах ёстой гэвэл шалга. Би хөрөнгөө тайлбарлаж, шалгуулахад бэлэн. Илүү харж, хулгай зэлгий хийдэг хүмүүстэйгээ тэмц. Минийх бол бизнесийн үйл ажиллагаа, амины орон сууц зарснаас орж ирсэн л хууль ёсны орлого.
Сэтгэгдэл ( 0 )