Балга усны улаан нуурыг уул уурхайд ашиглуулахгүйн төлөө Ханхонгорынхон тэмцэнэ

2019 оны 10 сарын 20


“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Ханхонгор суманд болов. 

Тус сумын төвд гар аргаар алт олборлогчид буюу бичил уурхайчдын олборлосон хүдрийг угааж алт баяжуулах цех ажиллаж байна. Бичил уурхайнхан олборлосон хүдрээ ачиж ирэн тус цехэд өгч, тэнд алтыг  баяжуулан гаргах үйл ажиллагаа эрхэлдэг ажээ. Цех харьцангуй сайн тохижсон, ханан дээрээ байгаль орчноо сэргээн хамгаалахыг уриалсан зурагт хуудас өлгөжээ. Тус сумын Засаг дарга А.Баяр-Эрдэнэ бичил уурхайнханд тусгай газар заан өгч үйл ажиллагаа эрхлүүлдэг, энэ нь олон газар сүйтгэхээс сэргийлдэг гэж байлаа.

Хэлэлцүүлэг дээр Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа,  “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат нар илтгэл тавьж, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа уул уурхайн ашиглалтын талаар зөвлөгөө өгөв.  “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг хөтлөн явуулж, сумын Засаг дарга А.Баяр-Эрдэнэ, ИТХ-ын дарга Т.Наранжаргал, 200 гаруй иргэд оролцлоо. Хэдийгээр Ханхонгор суманд хүчтэй шороон шуурга шуурч байсан ч малчид олноороо хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцсон юм.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Байгалийн бэрхшээл, салхи шуургыг тоолгүй хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тост, Тосонбумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Саус гоби коал транс” компани Тосон бумбаас 6-хан км зайд ажиллаж байсан. Нутгийн иргэд үүнтэй 10-аад жил тэмцсэн.

Сүүлд Хөвсгөлийн Хатгалын хүү ,биологич залуу Т.Лхагвасүмбэрэл говийн төлөө амиа өргөсөн цагаас Тост, Тосон бумбад юу болоод  байгаа нь хүмүүст ил болсон. Энэ бол улс төр, бизнес хольсон олигархиудын үйл ажиллагааны нэг л жишээ юм. Би аавынхаа шүлгээс Тост, Тосон бумбын нурууг нүдэндээ харж өссөн хүүхэд. Газар дээр нь очиж үзэхэд сэтгэл өвдмөөр байсан. Тэгээд Тост,Тосон бумбынхаа төлөө тэмцэнэ гэж уул усандаа амлалт өгсөн. Тэмцэл бэрхшээлтэй байсан ч Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тосон бумбын талд шийдвэр гаргасан. Эндээс урам авч 21 аймгаа тойрч хэлэлцүүлэг хийхээр шийдсэн.

Ер нь Монгол Улсад шинээр уурхай нээхийг 10 жил хориглож болно. Монголын уул уурхайн 80 хувийг Өмнөговийн газар шороо, эндхийн ард түмэн нуруун дээрээ тээж явна. Орон нутгийн хүмүүст бодитой хөрөнгө оруулдаг уурхайг хариуцлагатай гэнэ. Өмнөговийн сумдаар явахад нэгд, усны хомсдол, хоёрт, Оюутолгойн гадаад, монгол инженер, ажилчдын цалингийн зөрүү, гуравт, Оюутолгойн ажилчдын ажил, амралтын хуваарилалт оновчтой биш байгааг иргэд шүүмжилж байна. Мөн Цагаандэлийн шинэ боомт барихыг Номгон, Хүрмэн, Ханхонгорын иргэд эсэргүүцэж байна. Учир нь боомт нээгдвэл эдгээр сумдын нутгийг дайруулж нүүрс тээврийн зам тавина. Дэлхийн сүүлчийн онгон зэлүүд тал хээр нутаг устана. Хоёр дахь Цагаанхадны боомт болох гэж байна. Гэтэл Цагаанхаданд муу муухай бүхэн нүүрлээд байгаа. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэвэл одоо байгаа Гашуунсухайтын боомт тохирно” гэлээ.

“Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголд өнөөдөр өнгөрсөн 18,19 дүгээр зууны технологиор уурхай хөгжиж байна. Газар сайгүй ухах биш, цөөн уурхай байх ёстой. Монголд уурхайн балгаар төр, засгаа хянаж чадахаа больсон. Дэлхийн шуналтнуудын солиорол энд төвлөрч байна. Монголыг Майнголиа буюу уул уурхай гэсэн нэршлээр шоглож нэрлэдэг болжээ.Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтаас өөр уурхай ойрын жилүүдэд хэрэггүй.Бид Оюутолгойгоос өдөр бүр баялгаа зөөлгөөд, өдөр болгон өрөнд орж сууна. Одоо монголчуудаа зарагддаггүй хувьцаа эзэмшигч болгоё. Хойч үедээ өвлүүлэх баялгийн сан бий болгоё. Ханхонгорт гэхэд Балга усны улаан нуураас ус татаж Тавантолгойн нүүрс угаахад ашиглана гэж байна. Монгол шиг газрын гүний цэвэр тунгалаг усаараа нүүрс угаадаг өөр ямар ч улс орон байхгүй” гэлээ.

“Босоо хөх Монгол” ТББ-ын Удидах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Хүннүгийн үеэс говьчууд говь нутгийнхаа хамтаар эх орноо хамгаалж ирсэн байдаг. Харийн довтолгоог нүүдэлчдийн цөөн хүнтэй цэрэг тогтоон барих аргагүй үед энэ уудам тал, элсэн манхан дайснаас бидний өвөг дээдсийг хамгаалж байсан юм. Харийнхан энэ уудам талд харангадаж, усгүйдэж үрэгдэж байсан. Монголын их говь эх орноо ингэж хамгаалж байсан шүү. Биднийг харь дайснаас хамгаалж байсан говь одоо биднээс хамгаалалт гуйж байна. Монгол гэдэг дайчин улс өнөөг хүртэл оршин тогтнож байгаа нь байгаль дэлхийтэйгээ холбоотой. Өнөөдөр говь нутаг үр хүүхэд биднээсээ хамгаалалт хүсч байна. Харийн хүмүүс Монглын нутаг дээр дураараа дургиж байна. Монголын ард түмэн бүгдээрээ байгаль дэлхийнхээ төлөө тэмцэх ёстой. Ялах үндсэн шалтгаан бол ард түмний нэгдэл юм. Одоо бүгдээрээ сэрээч” гэв.

Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор хүн байгалийн харилцаа, бодлогын хувьсгал, хэрхэн хүн төрөлхтөн оногдох ёстой нөхөн сэргэх баялгаа бараад үр хүүхдийнхээ ирээдүйд хэрэглэх нөөц рүү орж ашиглаж байгаа талаар сонирхолтой илтгэл сонсголоо. Ханхонгор сумын Засаг дарга А.Баяр-Эрдэнийн танилцуулснаар сумын нутаг дэвсгэр дээр ашиглалт, хайгуулын 16 лицензтэй, тэр нь нутаг дэвсгэрийн 20 хувийг эзэлдэг ажээ. Үлдсэн 80 хувийг орон нутгийн хамгаалалтад авчээ. Ашиглалтын 5 лицензтэй газрын 2-ыг ашиглаж байгаа, Энержи ресурс олборлосон ашигт малтмалаасаа суманд хөрөнгө оруулсныг орон нутгий хөгжлийн сандаа авч зохих журмын дагуу ашиглаж байгаа юм байна.
 

Үүний дараа иргэдийн байр суурийг сонссон юм. Иргэдийн үгийг тоймлон хүргэе.

Г.Ганбаатар: Хариуцлагагүй уурхайн балгаар Говь гурван сайхан уулын цогцолбор газрыг асар ихээр сүйтгэсэн. Эдийн засгийн хямралын үеэр газар сэндийлдэг хүн сүрэг үүссэн. Монгол хүн хойно, байгалиа гэх сэтгэл тэдэнд байгаа л байх. Гэвч тэдэнд хоногийн хоолоо залгуулах, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, банкны зээлээ барагдуулах гэх мэт хэцүү асуудлууд байгааг ойлгож байна. Гэхдээ зах замбараатай байх хэрэгтэй.

Сумын Засаг дарга А.Баяр-Эрдэнэ: Нинжа нар чулууны орд ухдаг. Тэднийг хориглосон төрийн албан хаагчид халдаж байсан. Тэр газарт нөхөн сэргээлт хийнэ.

Малчин И.Оюун: Балга усны улаан нуурыг уул уурхайд ашиглах тухай сонссоноос хойш олон жил сэтгэл санаагаар маш их хохирч байна. 2007 оноос хойш 2 жил тутамд усны хайгуул хийдэг. Харин бидний ард ийм хүмүүс байгааг мэдэж их баярлаж байна. Цагаандэлийн боомт барихыг бид эсэргүүцэж байгаа. Газар шороогоо хамгаалахын төлөө хүн бүр эрхээ эдлэх биш, үүргээ хүлээх ёстой.

Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Сайнбуян: Орхоны хөндийг Мянганбаяр эргүүлж хаясан. Заамарыг Алтан Дорнод Монгол болон улстөрчид ухаж хаясан. Ноён уулын байдал арай нааштай болж байна. Хэнтийн Гутайн даваа, Дорнодын Матад ,Тамсаг, Дорноговийн Улаанбадрахын уран гээд олон асуудал байна.

Бид өөрсдийнхөө байтугай үр хүүхдийхнхээ хувийг урьдчилаад идчихсэнээ сая Б.Долгор хуульчийн илтгэлээс олж мэдлээ. Балга усны улаан нуурын цэнгэг усны нөөцөд олигархиуд шунаад, шүлсээ гоожуулж байна.Үүний эсрэг И.Оюун тэргүүтэй иргэд олон жил тэмцэж явна. Сумын нутаг Хэрмэн дэнжээ бид хайрлахгүй бол өөр хэн хайрлах вэ.

Малчин н.Нямдорж: Би багаасаа эх орноо гэсэн сэтгэлтэй өсөж өндийсөн. Миний санал бол нэгд, Цагаандэлийн боомтыг нээж болохгүй. Түүгээр Баруун нарангийн нүүрсний уурхайгаас эхлээд ашигт малтмалын олон ордыг холбосон  зам дайрч өнгөрнө.

Хоёрт,Балга усны улаан нуур уул уурхайн нөлөөлөлд орж байна. Сайжруулсан түлш мэдээж хэрэгтэй. Гэвч түүний нүүрсийг зөөдөг авто зам эвдэрлээ. Малын ноос үсэнд тоос ихээр шингэдэг. Түүнийг хүнсэнд хэрэглэхэд ямар байх нь ойлгомжтой.

Өгөөмөр багийн нутагт манганы орд илэрсэн. 1х1 км хэмжээтэй талбай, 30-40 айлынм нутаг байхгүй болно. Энэ А лицензтэй болсон. Би багийн дарга байсан. Намайг амарсан хойгуур хуурамч бичиг үйлдээд лиценз гаргуулсан байсан. Түүнийг эсэргүүцэж би багийн даргын ажлаа өгсөн.

Иргэн н.Ганзориг: Монголд нүүрлэсэн уурхай бол хариуцлагагүй байтугай зандалчин уурхай. Эх дэлхийгээ сүйтгэсэн уул уурхайн гарт нутаг орон маань орсон. Бид багадаа газарт гадас шаасны төлөө өвөө эмээдээ зэмлүүлж өссөн. Алтайн өвөр говийн байгалийг хамгаалах чиглэлээр та бүхэнтэй хамтарч ажиллая.

Н.Болоож: Ханхонгорт алтны илэрцтэй 3 газар бий. Эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээж өгөх хэрэгтэй.

Багийн Засаг дарга Б.Мөнхжаргал: Балга усны улаан нуурыг уул уурхайд ашиглуулахгүйн төлөө олон жил тэмцсэн. Хэзээ уснаас нь уурхайд татуулж соруулах бол гэж үргэлж түгшдэг. Цагаандэлийн боомт нээж үүгээр зам тавих юм бол гамшиг л ирнэ. Говийн шороо их зөөлөн. Багийн Засаг даргын хувьд нутаг дээгүүрээ зам явуулахгүйн төлөө  эцсийн цусаа дуустал тэмцэнэ.

Багийн ИХН-ын дарга О.Ганзүрх: Цагаандэлийн боомтыг нэг ч хүн дэмжихгүй. Та бүхний тэмцлийг дэмжинэ.

Өгөөмөр багийн Засаг дарга н.Энхтуяа: Малчдын гадаа овоолсон шороо байдаг. Зүүн хойд талыг ухах хэрэг гарна гэж бичиг өгсөн. Хуурамч тогтоол барьж газар ухвал малчдын амьдрал хэцүүднэ.

Н.Батбаатар: Уул уурхайн ард өндөр албан тушаалтнууд байдаг. Энэ хурдан цэгцрэх асуудал биш. Та бүхэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна.Өнөөгийн нийгэм мөнгөнийх болсон.

Т.Должин: Лицензтэй лицензгүй нутгийг маань нэг л өдөр ухах вий гэж айдаг. Шаардлага тавьсан төрийн албан хаагч бэртэж гэмтсэн. Шинэ боомт нээснээс хуучин 2 боомтоо тордсон нь дээр. Өмнөговь аймгийг тогоо юм гэвэл 3 цоорч, гурван боомт, гурван цоорхойгоор Монголын баялаг гоожих гэж байна. Монгол хүн өрцнөөсөө эх орноо хамгаалах ёстой. Усаа хайрлая. Өвөг дээдэс савдагтай хатуу хайрхан гэж байгалиа хайрладаг байсан юм шүү гэв.

Хуульч Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа нар иргэдэд хууль эрх зүй, уул уурхайн ашиглалтын талаар энэ үеэр зөвлөгөө өгсөн юм.

Хэлэлцүүлгийг санаачлагч сэтгүүлч Х.Мандахбаяр хэлэлцүүлгийг хааж хэлэхдээ “Бүгдээрээ хүчээ нэгтгэе. Бид гар гараасаа бариад зогссон байхад тэд дайраад гарахгүй байх. Цагаандэлийн боомтыг эсэргүүцэж Номгон суманд 500, Хүрмэн суманд 300 гаруй иргэн гарын үсэг зурсан. Ханхонгор сумынхан бас гарын үсэг зурж байна. Хуулийн хүчээр, эв нэгдлээр тэмцэхэд бид үр дүнд хүрнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.114.68) 2020 оны 03 сарын 23

Томоохон уурхайнууд яаж сүйтгэх юм бэ

0  |  0
Zochin(59.153.114.68) 2020 оны 03 сарын 23

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

0  |  0
1122(103.14.38.137) 2019 оны 10 сарын 21

нөхөгдөхгүй ус учраас хамаагүй ашиглаж болохгүй заавал гүний ус ашиглах ямар алба байна хэрлэнгээс тат туулаас тат тэртэй тэргүй гараад явж байхад

0  |  0
Хэнчбиш(203.91.115.55) 2019 оны 10 сарын 20

Оюутолгойн оролцоотойгоор Орхонговь төслийг хэрэгжүүлэх тухаф ам нээх хүн ганц ч байхгүй нь нэн харамсалтай Улаан нуурцын ус цэлэлзэн долгилж байвэл хэн ч ашиглаж болно шүү дээ

0  |  0
Top