Украины Тэргүүн хатагтайн дизайнер тайлбар хийв

2019 оны 10 сарын 25

Японы шинэ эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, хүндэт зочид оролцсон билээ. Ёслолын үеэр төр, засгийн тэргүүнүүд, тэдний гэргий нарын өмссөн хувцас олны анхаарлыг татсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний гэргий Л.Болорцэцэг нарын өмссөн монгол дээл олны таашаалд нийцсэн бол Украины Тэргүүн хатагтайн даашинз багагүй шуугиан тарьж амжив.

Украины Тэргүүн хатагтай Елена Зеленская Японы эзэн хааныг тунхаглах үеийн ёслолын нэгэнд нь улсынхаа брэнд өнгө болох шар даашинзыг өмсөж оролцсоныг Японд төдийгүй олон оронд шүүмжилж байгаа юм. Түүнийг Японы эзэн хаанд хүндэтгэлгүй хандлаа, тус улсад зөвхөн эзэн хаан болон түүний гэр бүлтэй ойр хүмүүсийн өмсдөг, эзэн хаанд дургүй хүмүүс сонгож мэдэх шаргал өнгийг сонголоо хэмээн хүмүүс эгдүүцжээ. Тиймээс Украины Ерөнхийлөгчийн албаныхныг очих орныхоо соёл, уламжлалыг судлаагүй, ёслолын ажиллагаанд хүндэтгэлгүй хандсан зэргээр буруутган бичиж байна. 

Тэгвэл Елена Зеленскаягийн даашинзыг урласан дизайнер Иван Фролов сонголтынхоо талаар тайлбарлажээ.

Тэрбээр Украины хэвлэлүүдэд “Тэргүүн хатагтай бид хоёр таван загвар, өнгө, материалаас сонголт хийсэн. Тэдгээрээс Тэргүүн хатагтайд хамгийн их зохиж байсан өнгө нь цайвар шаргал байсан. Шаргал өнгө нь Японд нар, сайхан бодол санаа, эерэг өөрчлөлтийг бэлгэддэг гэж үзээд сонголтоо хийсэн" гэж ярьжээ. 

Владимир Зеленский, Елена Зеленская нар нь Японы эзэн хаан сэнтийдээ залрах ёслолд оролцсон Украины анхны Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар болсон юм. Еленагийн өмссөн хоёр дахь даашинз нь харин олны таалалд нийцсэн бололтой.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top