Монголын геологичид 79 жилийн дараа эх орныхоо хөрснөөс газрын тос гаргаж авсан баярт үйл явдлын талаар Лондоны хөрөнгийн биржээс өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэр нь “Петро матад” компанийн хайгуулын “Цэн тогоруу” цооногийн 2834 метрийн гүнээс газрын тос гүний даралтаар оргилон гарч ирсэн талаарх мэдээ байсан юм. Энэ талаар тус компанийн газрын тосны хайгуулын геологич, доктор Д.Буян-Аривжихтай ярилцлаа.
-Монгол геологичдын ажлын үр дүнгээр газрын гүнд шинэ нөөц илэрсэн талаар дууллаа. Энэ онд хаанаас хаана хүртэл өрөм тавив?
-Энэ оны хувьд ажлын хөтөлбөрөө батлуулах, квот авах зэргээр хугацаа алдсаны улмаас гурван цооног өрөмдсөн. Одоо олборлолт хийж байгаа XIX талбайн залгаа хэсэгт өрөм тавьсан. “Петрочайна дачин тамсаг” компани “Тосон уул-XIX” гэдэг талбайгаас тос олборлож байгаа. “Тосон уул”-аас манайх талбай руу түрж орж ирсэн хэсэг дээр геологичид тайлал хийгээд, тос агуулсан байх магадлалтай 2-3 бүс тодорхойлсон. Энэ бүгд дээр нээлт хийх боломжийг нь үнэлж, эдийн засгийн тооцоо хийснээр гурван талбайг сонгож өрөмдсөн. Тэрний нэг “Цэн тогоруу” цооногийг өрөмдөх явцад 2834 метрийн гүнээс тос илрүүлсэн. 2650 орчим метрийн гүнээс гарч ирсэн дээжээс тосны ул мөрүүд ажиглагдаж эхэлсэн. Бидний гол онилсон бай бол доод цэрдийн настай элсэн чулуулаг доод үе буюу 2808 метрийн гүн. Гэхдээ 2803 метрийн гүнээс эхлэн тос ажиглагдаж эхэлсэн. Ердөө тавхан метрийн зөрүү гарсан гэж үзэхээр манай геофизикчид маш нарийн тооцсон байгаа юм. Улмаар хамгийн доод талын тосны үргэлжлэл 2880 метрийн гүн хүртэл ажиглагдсан. Нийтдээ 77 метрийн бохир зузаантай элсний үе байгаа. Цэвэр зузааныг нь 14 орчим метр гэж авч үзсэн. Ингээд 14 метрээсээ цооног руу урсаж орж ирэх боломжит гурван үеийг олж тогтоон, хамгийн доод талын үеэ цооногтой холбож туршсан. Туршилтад ашигладаг ховооны багажаа дээш гаргаж ирэхэд 60 литр тос гарч ирсэн. Харин хамгийн дээд талын үед цооног холбоход тос өөрийнхөө даралтаар газрын гадарга дээр урсан гарч ирсэн. Зүйрлэвэл, “Кока кола” ундаа оргилдог шиг хий нь тосоо дээш гаргаж ирж байна гэсэн үг. Мөн “Цагаан зээр”-ийн хэсэгт 2550 мерт хүртэл өрөм тавьсан. Тос байх магадлалтай дээж илрүүлсэн. Ерөнхийдөө геологийн анхан шатны ажлуудаа хийсэн ч хүйтний улирал эхэлсэн учраас цаашаагаа ажил хийж чадаагүй. Монгол Улсад газрын гүн рүү 3000-4000 метр нэвтрэх чадалтай өрмийн цамхаг байдаггүй нь цаг алдахад мөн нөлөөлсөн. Хамгийн хямд гэж үзээд тендерээр Хятадын “DQE” компани шалгаран ажилласан. Нөгөө цооногийг Монголд бүртгэлтэй “Датон” гэж компани өрөмдсөн. “Датон”-ийн цамхаг 2000 метрт нэвтрэх чадвартай.
-“Цэн тогоруу”-гаас гарсан дээжийг шинжлэхэд, анхан шатны тооцооллоор хэдийн хэмжээний нөөцтэй гэж гарсан бэ?
-Манай резервуар инженер болон бусад мэргэжилтнүүдийн тооцооллоор өдөрт 200, магадгүй түүнээс их торх (1 торх буюу 1 баррель=158 литр) газрын тос олборлох боломжтой. Цооног тавих өндөр өртөгтэй учраас геологичид хүссэн газраа өрөм тавиад байж чаддаггүй. “Петрочайна дачин тамсаг” бол Хятадын төрийн өмчит компани учраас санхүүгийн хувьд асуудалгүй. Магадлал бага байсан ч өрөмдөж үзээд явчихдаг. Харин манай компанийн хувьд цэвэр ашгийн төлөө байгууллага учраас эдийн засгийн ашигтай төсөл хайдаг. Нэг удаагийн хайгуулд 3-4 сая ам.доллар зарцуулчхаад, 500 мянган торх газрын тос олбол ашиг гарахгүй. Тиймээс илрүүлсэн савныхаа эзлэхүүнийг бодно. Тэр дотор хэчнээн хэмжээний тос байх боломжтой. Хэдийг нь газрын гадарга дээр гаргаж ирэх боломжтой зэргээр тооцоолдог. Энэ тооцоогоор бидний илрүүлсэн саванд 166 орчим сая торх газрын тос хуримтлагдсан байх магадлалтай. Түүнээс 25 саяыг нь өндөр технологийн дагуу газрын гадарга дээр гаргаж ирэх боломжтой гэдэг анхны тооцоо хийсэн. Одоо ингээд нээлт хийчихлээ. Судалгаагаа арвижуулбал, цаашдаа 25 саяын нөөц өсөх магадлалтай. Тосны агууламжийг 51 хувиар бодсон бол бидний илрүүлсэн цооногоос цэвэр тос ундарч гарч ирсэн. Магадгүй, анх 15 хувийг нь авах боломжтой гэж үзэж байсан бол одоо нэмэгдээд явна.
-Дараагийн шатны ажлаа ирэх хавар эхлүүлэх үү?
-Монгол Улс газрын тосны талаарх бодлогоо тодорхойлчихсон. УИХ-аас 2016 онд баталсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дотор Монгол Улс 2030 он гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн шатахуун, түлшээр хэрэгцээгээ хангана гэж тусгасан. Энэ төлөвлөгөөг үндэслэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж эхлээд байна. Гэвч боловсруулах үйлдвэр нөөцийн хувьд эрсдэлтэй байгаа. Түүхий эд хэрэгтэй. Засгийн газраас 2018 онд 169 дүгээр тогтоол гаргасан. Тэр баримт бичгээр Газрын тосны салбарыг 2027 он хүртэл хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон. Хайгуулын ажлыг эрчимжүүлнэ гэдгийг ч тодорхой зааж өгсөн. Энэ хүрээнд төрийн байгууллагууд хайгуулын компаниудыг ажлаа эрчимжүүл гэж дэмжиж, шахдаг болсон. Яг хэрэг дээрээ ажлаа эрчимжүүлээд явах гэхээр орон нутаг дээр асуудал үүсдэг. Ямар асуудал үүсдэгийг бүгд л мэдэж байгаа. Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, маш олон жилийн хугацаа алдсан. Төслийн шатанд нь дандаа гацаадаг. Одоо нэгэнт үйлдвэрийн ажлыг эхэлчихсэн учраас нөөц дээр нь гацаах тактик руу шилжлээ гэж би хувьдаа хардаг. Бидний хувьд илрүүлсэн дээжээ орд болгон баталгаажуулж, ашиглалтад шилжүүлэх дараагийн ажилдаа орно.
-Дорнод аймагт танай талбайтай залгаа Хятадын төрийн өмчит компани лиценз эзэмшээд, олборлоод байж байна. Гэтэл ганц танай ажлыг гацаасан талаар нэг бус удаа дуулсан. Танайх үндэсний компани нэрийдлээр хууль зөрчөөд байдаг юм уу?
-Ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол хуулиараа Засгийн газрын нөөц талбай. Бид гэрээ байгуулсан талбай дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл хуулиас давсан журам гаргаж ирдэг. Цооногийн хамгаалах хашаа байгуулахдаа зөвшөөрөл авах ёстой гэдэг ч юм уу. Энэ болгоноос захиалагч компани алдагдал хүлээдэг. Гүйцэтгэгчийн талаас шалтгаалаагүй сул зогсолт гарвал, төлбөрийг нь өдрөөр тооцож олгодог. Дээрх шалтгааны улмаас 20 гаруй хоног дараалан ажил зогссон асуудал ч бий.
-Геологийн эрэл хайгуул багагүй хөрөнгө мөнгө шаарддаг. Нэг компани дангаараа даагаад явна гэдэг хэцүү байх. Төрийн зүгээс дэмжлэг байдаг уу?
-3-4 сая ам.доллар зарцуулаад хуурай цооногтой суух магадлал өндөр. Ийм л эрсдэлтэй салбар. Засгийн газрын хөрөнгө татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг. Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг эрсдэл өндөртэй салбарт оруулж мөрийтэй тоглож болохгүй. Хэрвээ олбол хожно, олохгүй бол хохь чинь гэдэг хатуу зарчимтай. Тиймээс улс орнуудын Засгийн газруудын гоё санаа олсон нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Засгийн газар эрсдэлээс татгалзахын тулд компаниудтай гэрээ байгуулдаг. Та нар өөрсдийнхөө хөрөнгөөр хай. Хэрвээ байгалийн баялаг олохын бол ашгаа хувааж авна. Яагаад гэвэл, газраа ашиглах зөвшөөрөл өгсөн. Харин олохгүй бол та нар эрсдэлээ хүлээ гэдэг тогтолцоо. Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс эхлээд рояалти авна. Үлдсэн хэсгийг нь өртөгт тос, ашигт тос гэж хоёр хуваадаг. Өртөгт тос 40 орчим, ашигт тос нь 60 орчим хувь байдаг. Өртөгт тос шууд зардал мөнгөө гаргасан компанид хамаарах ёстой. Ашигт тосыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хоёр хуваадаг. Аливаа хөрөнгө оруулагчид эдийн засгийн сонирхлыг нь татсан төсөл санал болгохгүй бол хэн ч орохгүй. Монгол Улсын хувьд сүүлийн үед боломжийн гэрээ байгуулж байгаа. Дээр үед Монгол Улс хөрөнгө оруулагч татахын тулд маш сул нөхцөлтэй гэрээ хийж байсан.
-Монгол Улсын нийт газрын газрын нөөц 40 гаруй сая тонн гэж яригддаг. 2023 онд ашиглалтад орох Газрын тос боловсруулах үйлдвэр жилдээ сая гаруй тонныг хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр хэрэгцээгээ хангалттай хангана гэж үзэж болох юм биш үү. Та түүхий эдийн нөөц эрсдэлтэй талаар цухас дурдлаа?
-Болгоомжтой хандах хэрэгтэй. “Цэн тогоруу” дээр гэхэд 166 сая торх газрын тосны нөөц илэрсэн. Үүнээс 25 саяыг нь авах боломжтой. “Петрочайна дачин тамсаг” компанийн XIX, XXI болон “Доншен” компанийн БХГ-97 дугаар талбайд 334 сая тонн газрын тос агуулагдаж байгааг тогтоосон. Гэхдээ 43 сая тонн буюу ердөө 13 хувийг нь авч хэрэглэх боломжтой. Анх олборлож эхэлсэн 1998 оноос хойш найман саяыг нь авчихсан. Улсын төсөвт 800 гаруй сая ам.доллар оруулсан. Одоо 35 сая орчмын нөөц үлдсэн. Энэ 35 саяыг дуртай цагтаа, дуртай хэмжээгээрээ авах боломж байхгүй. Байгаль өгдөг юмаа, өгдөг хэмжээгээрээ л өгнө. Хятадууд 1600 гаруй цооногоор олборлолт хийж байгаа. Олборлолт өнгөрсөн хугацаанд нэмэгдэж ирсэн нь цооног нэмж өрөмдсөнтэй холбоотой. Жилээс жилд өсч явсаар 2015, 2016 онд оргил үедээ хүрсэн. Тэр оргил үе нь 1.1 сая тонн. Олборлолтын график ёсоор оргил үе нэг хэсэг хугацаанд тогтвортой явдаг. Цооногийн ундарга буураад ирэхээр доошоо унадаг. Манай тогтвортой олборлолтын үе ердөө хоёр жил үргэлжилсэн. Өнгөрсөн хоёр жилд нэг сая тонноос буурсан. Энэ онд 800 гаруй мянган тонн болж буурах хандлагатай байгаа. Тэгэхээр 2023 онд үйлдвэр ашиглалтад орох үед манай газрын тосны гарц 600 гаруй мянган тонн болох магадлалтай. Үйлдвэрт 1.1 сая тонн түүхий эд шаардлагатай. Цаана нь дутах түүхий эдийн эрэлтээ хангахын тулд хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлага байгаа. Ялангуяа урд хилийн дагуу газрын тос олдох магадлалтай талбай олон байдаг. Хятадууд хилийн дөнгөж цаана олборлолт хийгээд эхэлчихсэн.
-Монголчууд өөрсдөө 79 жилийн дараа газрын тос илрүүллээ. Өнгөрсөн хугацаанд яагаад хайгуулын ажил яваагүй юм бэ?
-Дэлхийн II дайны гал ассан үед ЗХУ Сибирь болон Монгол руу маш олон геологичийг өрмийн ангитай илгээсэн. Монголд ирсэн Ю.С.Жебуловский гэдэг геологич, Монголын анхны геологич Ж.Дүгэрсүрэнтэй хамтран Зүүнбаянгийн орд газрыг нээсэн. Түүнээс хойш монголчууд бие дааж нээсэн орд газар гэж байдаггүй юм. Түүнээс хойш илэрсэн ордуудыг орос, америк, хятадууд нээсэн байдаг. Манай компанийн хувьд анхнаас нь геологийн бүх шатны ажлыг монгол мэргэжилтнүүдээр дагнан хийлгэсэн. Миний бие хайгуулын геофизик Э.Болор, резервуар инженер Б.Очирбат, залуу геофизикч Т.Батбилэг нарын хамт ажилласан. Мэдээж, гаднын зөвлөхүүдээр хянуулсан. Урд нь яагаад монголчууд хийж зүрхлээгүй вэ гэхээр газрын тосны үнэ өөрөө маш хэлбэлзэлтэй. 2011 онд 130 орчим ам.доллар байсан газрын тосны ханш ганц хоёрхон жилийн дотор 20 гаруй ам.доллар болж буурах жишээтэй. Улмаар энэ салбарт орох хөрөнгө оруулалт царцсан. Монголд битгий хэл дэлхийн зах зээл дээр олон компани дампуурсан. Томоохон компаниуд нэгдэх үйл явц өрнөсөн. Монголын үндэсний компаниудын хувьд ч тэр хэцүү цаг үед хэрхэн амьд үлдэх вэ гэдэг сорилттой тулгарч байлаа. Үйл ажиллагаагаа хумьсан. Эргээд тэлж чадсан учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн биржээс манай үйл ажиллагааг дэмжсэн.
Сэтгэгдэл ( 0 )